Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Ганцын задгай, Жамсран уулын өвөрт амьдардаг 140 гаруй айл тун удахгүй төвийн эрчим хүчинд холбогдох нь. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тус дүүргийн Дарь-Эх, Сансарын зургаан хороог төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
Түүнийг тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзах үеэр цахилгаангүй, хүүхдүүд нь хичээл номоо хийх боломжгүй, ахуйн хөргөгч, зурагтаа ашиглаж чадахгүй нөхцөлд амьдарч буйгаа уламжилж байсан аж. Тиймээс энэ асуудалд анхаарал тавьж, өнгөрсөн намар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Ганц худагийн хойд талын 100 гаруй өрхийг төвийн эрчим хүчинд холбуулжээ.
Энэ зун үлдсэн айл өрхийг эрчим хүчинд холбуулах саналыг Эрчим хүчний яаманд хүргүүлснээр холбогдох зардлыг 2017 оны улсын төсөвт суулгуулсан юм байна. Энэ дагуу Эрчим хүчний яам тендер зарлан, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Ганцын задгай, Жамсран уулын өвөрт оршин суудаг 140 гаруй өрхийг төвийн эрчим хүчинд холбуулах ажлыг нэр бүхий компаниудаар гүйцэтгүүлэхээр болжээ.