Арваадхан хоногийн өмнө Улаанбаатар хот шөнийн гэрэлт гудамжтай болж, нээлтийг нь сүр дуулиантай хийсэн билээ. Гэвч уржигдар “Цахилгааны гэмтэл гарсан тул гэрэлт гудамжийг буулгаж байна” гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тарсан юм. Мөн “Солонгосын Элчин сайдын яамнаас уг гудамжийг Сөүлийн гудамжинд байлгахгүй гэж эсэргүүцжээ” хэмээх яриа ч чих дэлсэв.
Энэ мэдээлэл үнэн, эсэх, шөнийн гэрэлт гудамжны үйл ажиллагаа хэвийн буйг сурвалжлахаар уржигдар 11.00 цагт очлоо. Тэнд нээлтийн үеэр байсан гэрлүүд харагдсангүй. Бүр гэрэлт гудамжийг илтгэх зүйл огт алга. Харин замын хажуугаар байрлах моднуудад өлгөсөн “ёолкны” маягийн болон 400 хүний суудалтай талбайнх нь гэрлүүд өдрийн цагаар асаалттай харагдав. Гэрлийг модонд болхи гэгч ороосон нь өдрийн цагт үзэмж муутай гэж.
Түүнчлэн энэ тэрүүгээр цухуйх цахилгааны утас ямар аюултайг хэлэхэд илүүдэхгүй биз. Гэрэлт гудамжны дүүжин гэрэл хаачсаныг нийслэлийн ЗДТГ-ын тохижилт хариуцсан мэргэжилтнээс лавлахад “Нээлт хийх гэж түр зуурын гэрэл тавьсан байсан. Гэрлүүдийг шинэчилж, сайжруулахаар хураасан. Ирэх сарын 1-нд засварын ажлыг бүрэн дуусгана. Түүнээс биш цахилгааны гэмтэл гараагүй” гэлээ. Харин БНСУ-ын Элчин сайдын яамныхан “Манайхаас албан ёсны ямар нэгэн мэдэгдэл гараагүй. Ор үндэсгүй яриа байна” гэв.
23.00 цаг. Гэрэлт гудамжны авто замыг хааж, машины хөдөлгөөнийг хязгаарлажээ. Унтдаггүй улаанбаатарчууд тэнд хэдийнэ цугласан байх аж. Хөтлөлцөн яваа залуусаас эхлээд, үе тэнгийнхэн, хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд ч харагдана. Тус гудамжинд үйл ажиллагаа явуулдаг ресторан, уушийн газруудын хөгжим хангинаж, замын хажуугийн гэрлүүд анивчина. “Have a nice day. Welcome to Ulaanbaatar” гэсэн бичиг бүхий хананы урд хэсэгт залуус хөгжим тавин, бүжиглэж эхэллээ. “Мөрөөдлийн бүжиг” клубийн бүжигчид үйл ажиллагаагаа сурталчилж, залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхийг уриалж буй нь тэр.
Хажууханд нь гэрэлтүүлгийн компанийн ажилчид дүүжин гэрлийг засаж байв. “Филипс” компанийн жолооч Г.Хаш-Эрдэнэ “Гэрэлтүүлгийг шинэчлэхийн тулд ган татлага татаж байна. Түүнчлэн шонгийн гэрлийг ч сайжруулах юм гэсэн. Энд 2000 гаруй туузан гэрэл тавих учиртай. Хаанаас, хэр чанартай гэрэл авчирч буйг мэдэхгүй” гэв.