Өчигдөр буюу зургадугаар сарын 14-ний оройн 20 цагийн үед үндэсний томоохон үйлдвэр болох "Говь" ХХК-нд гал гарсан тухай мэдээлсэн. Болсон явдлыг тодруулбал:
Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” ХХК-ийн үйлдвэрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага НОБГ-т 2017 оны зургадугаар сарын 14-ний 20 цаг 46 минутанд ирсэн байна. Галын дуудлагын дагуу ОБЕГ-аас шуурхай арга хэмжээ авч бүх гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажиллажээ.
НОБГ-аас үйлдвэрийн дээвэр бүрэн шатсан харин бэртэж гэмтсэн хүн байхгүй хэмээн мэдээллээ.
Гал сөнөөгчид 14-ний өдрийн 20:50 цагаас хойш галыг таазнаас доош тархаахгүй, үндсэн барилга руу оруулалгүй, бүрэн унтраахаар тасралтгүй ажилласаар байна.
Ослын үеэр үйлдвэрт байсан бараа бүтээгдэхүүнийг зөөж, галын аюулаас аварсан байна. Говь ХХК-ийн орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс обьектыг хамгаалалтад авчээ.
Эл осол дээр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар ахлан ажиллаж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.