Баянгол дүүргийн нутаг, Х хорооллын урдуурх туслах замыг тохижуулж дуусаад, өчигдөр зорчих хөдөлгөөнийг нээв. 812 метр урт, хуучин авто замыг асфальтаар хучин, 5800 ам метр талбайг зүлэгжүүлж, 1220 метр урт ургамлан хашлага барьжээ.
Түүнчлэн 191 автомашины зогсоол байгуулж, 70 ширхэг сандал, 12 ширхэг сүүдрэвч барин, хогийн 31 сав байрлуулсан аж. Ингэснээр явган зорчигчид иж бүрэн гэрэлтүүлэгтэй, асфальтаар хучсан 3890 ам метр талбайгаар тайван алхах боломж бүрдэв.
Одоогийн байдлаар нийслэлийн нэг иргэнд 2.8 ам метр ногоон байгууламж ногдож буй. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин доогуур үзүүлэлт учир нийслэлийн удирдлагууд ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хүртээмжийг энэ жил 3.2 ам метрт хүргэж, 2020 онд 5.8 ам метр болгон нэмэгдүүлэх гэнэ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн гол гудамж болох Энхтайваны өргөн чөлөөний дагуух сул хөрсийг зүлэгжүүлнэ. Офицеруудын ордноос Таван шар хүртэлх авто замын хоёр талын болон голын ногоон байгууламжийг сайжруулж, орчныг нь тохижуулж эхлээд байна. “Улаанбаатар зам засвар арчлалтын газар”-ынхан хагас сарын хугацаанд энэ тохижилтын ажлыг гүйцэтгэсэн. Тэд өмнө нь Улсын III төв эмнэлгийн гаднах 5830 ам метр талбайг тохижуулж, авто зогсоолыг нэмэгдүүлсэн. Цаашид нийтийн эзэмшлийн гудамж, талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлнэ” гэлээ.