УЕФА Аваргуудын Лигт Испаны эзэн хааны Реал Мадрид клуб хоёр жил дараалан түрүүлээд байгаа билээ. Энэ хожил бүх цаг үеийн түүхэнд анхных болсон бөгөөд Испаны лигтээ ч тэд тэргүүлж супер амжилттай яваа юм.
Харин Реал Мадрид клубд 80 сая еврогийн гэрээгээр ирсэн Хамэс Родригэзийн хувьд багтаа төдийлөн хувь нэмрээ оруулж амжаагүй билээ. Тэрээр клубын ахлах дасгалжуулагч Зинедин Зидантай таарамжгүй харилцаатай байгаа бөгөөд энэ нь түүнийг зөвхөн ач холбогдол багатай тоглолтонд эсвэл, доогуур түвшний багуудтай тоглоход л гараанд гаргадагтай холбоотой аж. Мэдээж залуу тамирчин маань цаашдаа энэ хэвээр сандал халаахыг хүсэхгүй байгаа нь лавтай.
Bleacher report сэтгүүлийн мэдээлж буйгаар Английн акулууд болох Манчестэр Юнайтэд, Чэлси, Арсенал зэрэг том багууд Хамэсыг багтаа авах сонирхолтой байгаа гэнэ. Харин эдгээр багуудаас түүнийг авах хамгийн өндөр магадлалтай нь Юнайтэд хэмээжээ. Ирэх жилээс хаана тоглохоо зөвхөн тэр л шийдэх үлдлээ. Уг нь Хамэсын Мадрид дахь гэрээ 2020 онд дуусах юм.
Одоогийн байдлаар Хамэс Родригэз Риал Мадридын бүрэлдэхүүнд 77 тоглолтонд нийт 28 гоалыг бүртгүүлчихээд байгаа юм.