Нэгдүгээр бүлэг. Архичин аавын хүү билээ
Эр хүн бүрд нэг архичин найз байдаг. Бас ардчиллын партизанууд хэмээх нэг ойлголт бий. Эдний нийтлэг нэг шинж чанар нь тодорхой хугацааны давтамжтайгаар багаараа “айлчилж” ирнэ. Тэгээд урьдын сайн найзууд байснаа дурсана, амьдрал ахуй хүнд байгаа, улс төр нэг л болохгүй байгаагаа, нэг том ажил хөөцөлдөж байгаа тун удахгүй хөл дээрээ босох гэж байгаагаа, дотор муу байгаа тул засах гэж яваагаа ний нуугүй ярина. Занг нь мэдэх найзууд нь заримдаа түүний ар гэр амьдрал ахуйг бодсондоо, заримдаа салахын түүс болсондоо, заримдаа зовлонг нь нимгэлэх гэж халаасаа тэмтэрэхээс өөр аргагүй болдог.
УИХ-ын дарга маань сая Япон улсад айлчлав. Япончууд танилын нүүр халуун гэдэгчилэн М.Энхболд даргыг маань яаж хоосон буцаах вэ хэмээн 850.0 сая ам доллар өгөхөөр болов. Япончууд энэ 25 жилийн хугацаанд нийтдээ 3.0 тэрбум ам долларын дүнтэй зээл тусламж олгож хандивлaгчдын жагсаалтыг тэргүүлдэг. Ер дарга болсон томчууд маань улаан, цэнхэр гэлтгүй бүгд Японд очиж гуйлга гуйдаг, өнөөдүүл нь буруу харж уйлж, зөв хөрж инээж хэдэн доллар өгөөд явуулдаг жишиг тогтоод бас 25 жил болж.
Өнгөрсөн 25 жилд бид олон улсын байгууллагууд, ардчиллыг дэмжигч улс орнууд, банкууд, санхүүгийн байгууллагууд, сангууд гээд тоолбол 100 гаруй айлаас зээлэхээс нь зээлж, гуйхаас нь гуйгаад багцаалбал нийтдээ 30,0 гаруй тэрбум ам доллартай тэнцэх мөнгө аваад үрэн таран хийгээд дуусгасан гэсэн тооцоо байна.
Үр дүнд нь бидний амьдрал дээшилсэнгүй, улс орон хөгжсөнгүй, нэр муудлаа, өр нэмэгдлээ, архичин, ардчилагч, хар тамхичин, дураараа, ажил хийх дургүй, зүрх сэтгэл нь хоосорсон, яравгар цамаан их зантай, шуналын тулам болсон, нам албан тушаал хоёрыг эцэг эхээсээ, эх орноосоо илүүд үздэг болсон хэдэн болох бүтэхгүй үр хүүхэдтэй айл болж үлдэх шив дээ.
Дэлхий хэмээх 192 айлтай өчүүхэн тосгонд Монголчууд бид “Аав нь ардын, ардчилалын, иргэний, өнгөтэй өнгөггүй гээд есөн шидийн хувьсгалын партизан гэдгээрээ түрий барьдаг, энгэр дүүрэн одонтой, архи зооглох дуртай, айл хэсч шараа тайлдаг, гуйлга гуйж гэрээ тэжээдэг, үүнийгээ байх ёстой ердийн зүйл хэмээн боддог, нэрээ хичээх ичих булчирхай гэж байхгүй, ээж нь энгэр султай америк, япон, орос, хятад, солонгос, араб, хар, шар, шохнор хамаагүй хэдэн доллар харуулсан бүхэнтэй явалддаг, үүнийгээ үр хүүхдүүддээ тэжээхийн тулд хэмээн тайлбарладаг баруун халаасандаа МАН-ын батлахтай, зүүн халаасандаа АН-ын батлахтай, жигүүртнүүд зодолдоход далавчаа үзүүлдэг, араатнууд зодолдоход савраа үзүүлдэг, сүүн тэжээлтнүүд хов базахад мөөмөө үзүүлдэг сарьсан багваахайрхуу л айл харагдаж байгаа байх даа.
Хоёрдугаар бүлэг. Төрийн өмчтэй гэх өрийн мангасууд
Төрийн өмчийн гэгдэх томоохон 89 компани байдаг юм байна. Энэ компаниудын тайлангаар баталгаажсан өр 2016 оны жилийн эцсийн байдлаар 10,8 их наяад төгрөгт хүрчээ. 2017 онд бид улсаараа, бултаараа нийлж хөдөлмөрлөөд, хөдөлмөрлөөд хамаг хар хөлсөө дуслуулж ажиллаад, ажиллаад 7.3 их наяад төгрөгийн орлогыг улсын төсөвтөө оруулна. Бас төрийн тэргүүнээсээ эхлээд сайд дарга нараа оруулаад дээр нь сая төрсөн баяцхан үрсээсээ нэгийг ч үлдээдгүй бүгдийг нь нэмж тоолоод 3.0 саяуулаа идээд идээд 7,8 их наяад төгрөгийг хувааж хүртэх юм байна. Гэтэл төрийн өмчийн нэртэй 89-хөн компани үүний дотор нэр бүхий 50-иадхан компанийн өр 10.8 их наяад төгрөгт хүрсэн гэж байдаг.
Өнөөх өр нь хүү алдангиараа өдөр хоногоор өсч байдаг. Бид цагдаадаа, багшдаа, эмчдээ, хуульчдаа цалинг нь тавилгүй нэг ч хөгшний тэтгэвэрийг нь өгөлгүй ажиллуулж машинаа асаалгүй, тогоо залгалгүй, хуудас цаас ч худалдаж авалгүй төрд орж ирж байгаа сохор зоос бүрийг энэ компаниудын өрийг дарахад ашиглана гэж тооцвол 2 жилийн хугацаа хэрэгтэй байна. Энэ хооронд өнөөх 3 сая иргэнээс маань хэд нь амьд тэсэж үлдэхийг хэн ч таашгүй...
Гэтэл энэ “өр”-ийн өмчийн компаниудын захирлууд 3-12 сая төгрөгний цалинтай, улирал тутам өндөр урамшуулал авдаг, зээл аваад цалингаа нэмдэг, гадаад дотоодод өндөр зардалтай аялал хийдэг, тэгэхдээ хоногийн 10 сая төгрөгийн үнэтэй буудалд тухалдаг, ах дүү хамаатан саднуудынхаа хүүхдүүдийг компанийн зардлаар өндөр төлбөртэй сургуульд сургадаг, байгууллагынхаа 100 жил хэрэглээд дуусахааргүй 00-ийн цаас, бэлгэвч тэргүүтнийг нэг мөсөн базаадаг. Энд тэндэхийн хог дээрээс олж ирсэн тоног төхөөрөөмжийг хорвоод байхгүй үнээр агуулах агуулахаар нь худалдаж авдаг энгэртээ намын батлахтай, ардаа бат хамгаалалттай, эх оронч яриатай, ажил хэрэгч дүртэй ад чөтгөрүүд, нэг нь өнхрөвч нөгөө нь ургаад гараад ирдэг олон толгойтой мангасуудын өнөө цагийн амилсан дүрүүд болон тодорчээ.
Тухайлбал төрийн өмчийн “Мон-Атом” ТӨХК нь захирал, захирлын туслах, цэвэрлэгч, жижүүр гэсэн 4-5 орон тоотой сүүлийн 4 жилд удирдлагууд нь 3-4 удаа солигдож жилд 535,0 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, 6 тэрбум төгрөгний өр үйлдвэрлэсэн.
Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэгч төслийн нэгж компани ч болж амжаагүй, ганц ажилтангүй байж 12 тэрбумын өр үүсгээд байгаа гэсэн мэдээлэл байна.
Өртөнгүүдийн манлайлагчдыг жагсаавал Хөгжлийн банк 6,3 их наяад, Төрийн банк 1,3 их наяад, Эрдэнэс таван толгой 789.0 тэрбум, Эрдэнэт үйлдвэр 633.0 тэрбум, ТОСК 351.0 тэрбум, МИАТ 310 тэрбум, Монголын төмөр зам 80.0 тэрбум гээд л тэрбум тэрбумаараа ар араасаа хөвөрнө.
Гутгаар бүлэг. Одоо яах вэ
1. Энэ онд төр алдагдалтай ажиллаж байгаа гэгдэх Төрийн банкыг 300.0 тэрбумаар, Хөрөнгийн бирж, Оргил рашаан сувилал, Монгол шуудан зэргийг зарж нийт 50.0 орчим тэрбум төгрөг олж төсвийн алдагдалыг нөхөхөөр төлөвлөж буй бололтой. Тэмээн дээр ямааны гарз болохоор байгаа энэ бүх хувьчлалыг хойшлуулах, зогсоох.
2. Төрийн өмчийн компаниудад онц байдал тогтоож өрийг төлүүлэх, алдагдалыг бууруулах, компанийн засаглалыг төгөлдөржүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох талаар иж бүрэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
3. Анкет бөглөөд жижигхэн компанийн манаачаар ч орж чадахааргүй ёс зүйгүй, туршлагагүй, мэдлэг боловсрол, ур чадваргүй хүмүүс намын шагналаар, улс төрийн шалгуураар, улс төрчидийн “шахаагаар” нэг өглөө сэрэхэд л төрийн өмчийн компаниудын захирал, удирдлага, хариуцлагатай ажил албанд томилогдсон байдаг энэ бүх ёс бус явдалыг таслан зогсоох.
4. Үндэсний хэмжээний хамгийн шилдэг СЕО нарыг, менежерүүдийг, мэргэжилтнүүдийг нээлттэй сонгон шалгаруулах замаар мэргэжлийн удирдлагын багийг улс төрөөс хараат бусаар бүрдүүлж тодорхой үүрэг даалгавар, итгэл өгч чөлөөтэй ажиллах нөхцөл боломжоор хангах.
5. Төрийн өмчийн компаниудын бизнес загварчлал, философи, үнэт зүйл, эрхэм зорилго, алсын хараанд Монгол улсынхаа, Монгол үндэстний эрх ашгийг тусгах, хамгаалах талаар өөрчлөлт оруулах. Улмаар төрийн нэрээр бизнес хийх номлолыг боловсруулах.
Өрийн мангасуудын тухай эхний түүх үүгээр өндөрлөж байна. Үүний дараа тусгай сангууд хэмээх цөөврүүд, орон нутгийн өмчийн компаниуд хэмээх хархнууд, албан байгууллага бүрийн амбаарын хөх хулганууд хэмээх бас бус үлгэрүүдийг нэг нэгээр нь хамтдаа хүүрнэлдэхийг уриалж байна.
Д.Уламбаяр
2017 оны 04 сарын 3