Өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуулийн 79.1 буюу эх орноосоо урвах гэсэн зүйл ангиар УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайханыг буруутган 17 жилийн ял оноолоо. Түүний аав, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ахмад дипломатч Д.Цахилгаантай уулзаж ярилцлаа.
-Таны хүүтэй холбоотой хэрэг яригдаж эхэлснээс хойш та нэг ч удаа ярилцлага өгсөнгүй. Анхан шатны шүүх хурлаас 1937 оноос хойш сонсогдож байгаагүй зүйл ангиар ял оноолоо. Та хүүгээ ийм гэмт хэрэг хийгээгүй гэдэгт итгэлтэй байна уу?
-Би энэ асуудалд хүлээцтэй хандсан. Учир нь шүүх цагдаагийн байгууллага үнэнийг олж, ажлаа тайван хийгээсэй гэсэндээ нэг ч удаа хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байсангүй. Анх удаа танай сонинд ярилцлага өгч байна. Баасан гаригийн өдөр тутмын олон сонинг уншлаа. Сэтгүүлчид таасан, гөрдөж гүтгэсэн маш олон материал гаргасан байна.
Би баяртай мэдээлэлтэй өөртэй чинь уулзана гэдэгт итгэлтэй байсан. Гэтэл байдал 180 градус эргэлээ. Миний хүүг эх орноосоо урвасан гэж буруутган 17 жилийн хорих ял оноолоо. Хүний ганц хүүгээр туг тахиж дайнд явдаг бурангуй ёс байсан. Энэ шийдвэрээс үүдэн миний хүүгээр туг тахиж зэрэг дэв ахих, эрх мэдэлд хүрэх гэсэн хүмүүс байгаа юм болов уу гэж би бодож эхэлсэн. Энэ асуудалд намайг ч бас оролцуулж бичиж байсан. Намайг юу гэж хэлээд ч одоо яах билээ.
-Та олон жил Монгол Улсыг төлөөлж, гадаадад суусан ахмад дипломатч хүн. Ямар бичиг баримтыг, хэнд, хэзээ дамжуулах ёстойг маш сайн мэдэж байгаа. Таны хүүгийн явуулсан гэх мэдээлэл чухам юуны тухай байсан юм бол?
-Аливаа нэгэн уулзалт, айлчлал гэдэг нэг өдөр яриад маргааш нь хийдэг зүйл биш. Хэдэн сар, жилээр ч бэлтгэдэг айлчлал байдаг. Энэ хугацаанд түм буман бичиг шилжүүлж, ярилцаж тохиролцсоны эцэст хийгддэг ажил. Нэгэнт хэвлэлд гарсан мэдээллийг миний хүүг дамжуулсан болгож байгаад би маш их гайхаж байна.
Миний хүү УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны зөвлөх хийж байсан хүн шүү дээ. ГХЯ-наас ирсэн, зөвшөөрсөн мэдээлэл материалыг дамжуулж, явуулж байсан хэрэг. Гадаад харилцаа гэдэг улс төр бөгөөд маш эмзэг салбар. Жагааг буруутгаад байгаа асуудлыг зөвтгөе гэвэл зөвтгөх зүйл бий, буруутгая гэвэл яаж ч буруутгаж болох асуудал. Олон нийтэд нээлттэй болсон асуудлыг хэн нэгэнд дамжуулсан хэрэгт буруутгаад байгаа нь цаанаа учиртай, санаатай хийж байгаа үйлдэл гэж би хардаж эхэлсэн. 1937, 1938 оны үед л ийм зүйл ангиар олон мянган сэхээтнүүдээ хэлмэгдүүлж буудан хөнөөж байсныг би санаж байна. Лхүмбийн хэрэг санагдах боллоо. Монголын түүхэнд хар толбо үлдээсэн үйл явдлыг энэ цаг үед үүсгэх шаардлага гарсан бололтой.
Хаана нь гарсныг хэлж мэдэхгүй юм. Оросын тагнуулчид нэг монголыг золиослох хэрэг гарсан юм байлгүй. Тэр нь миний хүү гэнэ ээ. Том акулуудын хийсэн хэргийг хаах үүднээс миний хүү жижиг жараахай болоод хохирч байгаад би харамсаж байна. Чи УИХ-ын Тамгын газарт орж үзсэн байх.
Саяхан хүртэл тус газрын компьютер ямарч хамгаалалтгүй, хэн дуртай нь бие биенийхээ компьютерээс мэдээлэл авдаг байсан. Хэн нь ч ямар мэдээлэл авч, хэнд өгч байгаа нь хяналтгүй байсан юм. Түүнээс гадна дамжуулсан гэх материал нь Гадаад харилцааны яаманд байсан бөгөөд улсын нууцад хамаарахгүй баримт. Энэ Д.ЦАХИЛГААН: хэрэгт тус яамны хоёр ажилтанг сэжигтнээр татсан юм билээ.
Би Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гэдэг эрхэм цолтой хүний хувьд энэ албандаа хайртай, хүндэтгэж явдаг учраас хоёр хүнийг хэрэгсэхгүй болгож байгаад талархаж байна. Гэхдээ нэг хэрэгт татагдсан хүмүүсийг ямар учир шалтгааны улмаас ийнхүү салгаж гэм буруутайд тооцож байгааг ойлгохгүй юм. Уг нь хууль адилхан л үйлчлэх ёстой бус уу.
-Хятад руу мэдээ дамжуулсан гэж яригдаж байгаа ч ОХУ-ын нэг иргэний тухай олж сонслоо. Тэр хүн танай хүүгийн найз гэсэн. Энэ ямар учиртай юм бэ. Түүнээс гадна зохион байгуулалттай хийж буй ажил гэж та үзэж байгаа бололтой. Та болон танай хүү ямар нэгэн карьер хөөдөггүй, улстөрийн бүлэглэлд орж “хор найруулж” байсан тухай нэг ч удаа сонсоогүй юм байна?
-Эх орноосоо урвасан хэрэг үүсгэсэн нь цаанаа маш том бодлогын асуудал байгаа гэж би бодож байна. Миний хүүг энэ оны зургадугаар сарын 3-нд орос найзтайгаа байж байхад нь тагнуулынхан дайрч ороод шууд барьсан. Саатуулах үедээ орос залуугийн цүнхэнд байсан цаасыг миний хүүгийн цүнх рүү чихсэн байгаа юм.
Түүнээс гадна шүүх хурлын танхимд компьютерийг нь авчирч шалгасан. Гэтэл ажил үүргийн хуваарийн дагуу хийж байсан ажил, бичиг баримт нь тэр оросын цүнхнээс гарсан бичиг баримтаас тэс өөр. Шинжээчид шүүх хуралд байлцаж хэлсээр байтал хэрэгсэхгүй байгаагаас харахад заавал яллах бодлого барьж байна уу даа гэж хардаж байна.
Нарийн дүгнэлтийг хэрэг сэхгүйгээр тэр баримт Жаргалсайханых мөн гэж үзэж болохгүй санагдах юм. Энэ бүгдээс харахад мөрдөн байцаагч, хяналт тавьж буй прокурор, шүүгч нь хэн нэгний эрхшээлд орсон, дарамт шахалт байгаа нь анзаарагдсан. Миний хүү багаасаа орос цэцэрлэг, сургуульд сурч, хүмүүжсэн болохоор орос найз нөхөд олон бий. Орос найз нь Элчин сайдын яаманд ажилладаг, судалгааны ажил хийдэг юм билээ.
Судалгааны ажилдаа хэрэгтэй материал орчуулж өгөхийг хүссэн тохиолдол байдаг л юм. Тэр болгоныг тагнуул хийж байна гэж үзэж болохгүй биз дээ. Тагнуул хүн мэдээ дамжуулж байгаа хүнийхээ ямар ажил эрхэлдгийг ч мэддэггүй байх уу. Ийм хэрэг яригдаж эхэлсэн хойно хүүгээсээ тэр хүн хаана ажилладаг, ямар хүн болохыг нь асуухад нэрийг нь мэдэхээс хэтрэхгүй, ЭСЯ-нд чухам ямар алба хашдагийг нь ч мэдэхгүй байгаа юм. Ийм тагнуул байдаг юм уу. Миний хүүг их хөрөнгө мөнгөтэй гэж бодсон бололтой мөрдөн байцаагч нь. Олон жилийн өмнө улс надад гурван өрөө байр өгч байсан юм.
Тэр байраа зараад гаалийнхны байранд хүүдээ байр авч өгсөн. Амьдралдаа арчаа муутай байж гэж би хүүгээ зэмлэж сууна. Тэр байр нь одоо хэр нь миний үеийн тавилгатайгаа байгаа. Эд хөрөнгийг нь битүүмжлэхээр очсон байцаагч гэрт нь ирээд “Жирийн л гурван өрөө байр байна” гэж даргадаа утсаар хэлж байсан гэсэн. Миний хүүг баячуудын хаусанд амьдарч, эд хөрөнгөөр туйлж яваа гэж бодсон юм шиг байна лээ.
Хаана тийм зүйл байх вэ дээ. Ажлаа хийгээд л мөрөөрөө явдаг нэгэн. Миний хүүг таньдаг мэддэг олон ямар хүн болохыг нь хэлнэ дээ. Эх орноосоо урвах нь бүү хэл нэг ч хүнтэй муудаж, хүнийг гомдоож үзээгүй, хараалын үг ч хэлдэггүй. Хэт даруу дуугүй байдал нь бас ийм байдалд хүргэчихэв үү дээ гэж ч бодох юм.
Миний хүү нам бус нэгэн. Бид хэнд ч буруу зүйл хийж яваагүй. Бодоод байхаар надаас өшөө авах гэсэн, атаархаж явсан хүний үйлдэл ч байхыг үгүйсгэхгүй.
-Орос найзынх нь цүнхэнд чухам ямар материал байсан юм бол. Түүнээс гадна хэргийг шийдэхэд гэрчийн мэдүүлэг маш чухал байдаг. Хүүг тань мэдээлэл дамжуулсаныг гэрчлэх гэрч, цүнхэнд нь мөрдөн байцаагч материал хийж байгааг харсан хүн байдаг юм болов уу?
-Тэр орос залуугийн цүнхэнд нөгөө л айлчлалтай холбоотой материал байсан юм билээ. Айлчлалаар юу ярилцсан нь сонин хэвлэлд гарсан зүйл. Шүүх хурал хаалттай болсон учир гэрчүүд нь ямар мэдүүлэг өгсөнийг би хэлж мэдэхгүй байна. Хүн хэлье гэсэн ч хэлж болдоггүй, дуугаръя гэсэн ч ярьж чадахгүй үе байдаг.
Хүн амьдралтай, ажил төрөлтэй, хоолтой байхын тулд хэлэхгүй өнгөрөх нөхцлийг бүрдүүлж дээ. Харин тэр цүнхэнд хийсэн материалын асуудлыг сэтгүүлч та бүхэн хойноос нь хөөж, эрэн сурвалжлах ёстой байх.
-Танд өшөө хонзон санаж, хариу авах хүн байдаг юм уу. Нэрийг нь хэлж болох уу?
-Хэлье гэсэн ч надад тэр гээд хэлэх хүн алга. Би хөдөөний жирийн нэгэн багш байлаа. Өөрийн сурч мэдсэнээрээ өдий зэрэгт хүрсэн. Ямар ч татлаа түлхээ надад байгаагүй.
Атаархуу хүн энэ яагаад дээшээ яваад байна, хэн ингэж татав гээд л бодож байсныг үгүйсгэх аргагүй. Атаа хорсол гэдэг айхтар зүйл байдаг болохоор яван явсаар нас өндөр болсон намайг яаж ч чадахгүйд хүрч, хүүгээр минь оролдож байгааг үгүйсгэх аргагүй. Манайхан өөдтэй явсан нэгнийгээ заавал хэн нэгний татаас, гар хөл гэж ойлгодог шүү дээ.
-Танай хүү багагүй хугацаанд Ганцхудагт саатуулагдлаа. Энэ хугацаанд та очиж уулзсан уу. Ер нь энэ асуудлаар юу гэж байх юм бэ?
-Хоёр сар гаруй хоригдсон. Би нэг удаа өмгөөлөгчийг нь Ганцхудагт хүргэхээр очиход элдэв яриа гарсан учир эргэж очиж байгаагүй. Харин эхнэр, ээж нь очдог юм. Би өнгөрөгч пүрэв гариг болтол хүүтэйгээ уулзалгүй байсаар анхан шатны шүүх хурлын үеэр хүүгийнхээ царайг харлаа.
Ямар нэгэн зүйл ярих боломж ч байсангүй. Өөрийн ажлаа нэр төртэй хийж, ямар ч асуудал гаргадаггүй өндөр боловсролтой сэхээтнүүдээ хэлмэгдүүлчихээд жинхэнэ эх орноо худалдаж байгаа хүмүүст ямар ч хариуцлага тооцохгүй байгааг хараад суух хэцүү юм. Эх орныхоо газар шороог лиценз нэрээр худалдаж, харийнханд өгч байгаа хүмүүсийг ард түмэн мэднэ шүү дээ. Тэр хүмүүсээ илчилж, шүүхээр зохих ялыг нь оноох ёстой бус уу.
Ард түмэн гэдэг үнэнийг ялгадаггүй, мулгуу хүмүүс биш шүү дээ. Хэдий улсын нууц задруулсан тухай хурал ч ард түмний төлөөлөл гэж гурван хүн суудаг юм байна. Тэр хүмүүс “Энэ хүн буруугүй, ял оноох шаардлагагүй юм байна” гэж өөрсдийн байр сууриа шүүгчдэд бичгээр өгсөн гэсэн. Гэтэл тэдний үгийг огт хэрэгсээгүй байна лээ.
-Хэргийг шалгасан мөрд өн байцаагч, прокурор, эцсийн шийдвэр гаргах шүүгч гээд олон хүн байна. Энэ бүх хүмүүс үнэнийг ялгаж мэдэхгүй байна гэж та үзэж байна уу?
-Энэ хүмүүсийг буруутгах бодол надад үнэхээр байхгүй. Ингэж шийдэхээс ч өөр аргагүй байдалд хүрсэн байх. Энэ хүмүүс ийм шийдвэр гаргахгүй бол хоолноосоо салах гээд байна шүү дээ. Миний хүүг буруутгаад байгаа асуудлаас болоод хэн хохирсон юм бэ, ямар нэгэн санаа зорилго гэж байна уу.
Хохирогчгүй, санаа зорилгогүй гэмт хэрэг гэж байдаггүй. Хүн гэмт хэрэг үйлдэх гэж байгаа бол хэн хохирох вэ, гэмт хэрэг үйлдээд ямар ашиг хонжоо байна, улс надад ямар ял оноох вэ гэдгээ судалсан байдаг шүү дээ. Гэтэл миний хүүд ямар ч хар санаа, зорилго байхгүй гэдгийг би хамгийн сайн мэдэж байна.
- Та ачтай юу. Эх орноосоо урвасан зүйл ангиар шийтг үүлсэн нь ар гэрт нь хүнд дарамт болсон байх. Түүнээс гадна Ганцхудагт саатуулагдсан хүний эрүүл мэнд мууддаг. Танай хүүгийн биеийн байдал нь ямар байна вэ?
-Мэдээж маш хүнд байна. Эхнэр нь АНУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг байсан юм. Гэтэл нөхөр нь ийм хэрэгт холбогдсон гээд шууд ажлаас нь халчихсан.
Хүү маань нэг хүүтэй. Бид хүүд нь мэдэгдэхгүйг хичээсэн. Гэтэл нуугаад нуугаад яах ч билээ. Эх орноосоо урвасан гээд бүх сонин хэвлэл, мэдээллийн сайтад бичээд гаргасан. Нэг айл өрхийн амьдралыг үгүй хийж байна. Хүү маань багадаа шарлаж байсан болохоор чийгтэй орчин элгэнд нь нөлөөлдөг нь ойлгомжтой. Мөн бөөр нь өвддөг болсон. -Та болон өмгөөлөгч нь давж заалдах байх.
Цаашдаа яах бодолтой байна вэ? -Нийслэл болон дээд шатанд давж заалдана. Анхан шатны шүүхийн шийдвэрийг сонсоод даана ч дээ гэж бодож байсан ч үнэн нь олдоно гэдэгт итгэлтэй явна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг гэдэг үг байдаг даа.
Х.Оюунсүрэн