ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын дэд дарга Д.Долгормаа ажлын өрөөнөөсөө их хэмжээний мөнгө алдаж, үйлчлэгч нараа хардсан хэргийн талаар бид урьд нь дэлгэрэнгүй мэдээлсэн. Хулгайд алдсан гээд байсан 10 сая төгрөг нь өрөөнийх нь шүүгээнээс олдож, үйлчлэгч бүсгүйчүүд ялаас мултарсан юм.
“Хэрвээ тэр мөнгө олдоогүй бол бид хоёр хилсээр шоронд суух байсан” хэмээн тэд өгүүлж байсан. Хулгайд сэрдэгдэж, гэр орноо хүртэл нэгжүүлсэн үйлчлэгч бүсгүйчүүд Д.Долгормаа даргыг уучлалт гуйж, нэр төрийг нь сэргээхийг хүссэн. Гэтэл эл хүсэлт нь талаар болж, эрхэм дэд дарга уучлалт гуйх нь бүү хэл үйлчлэгч нарын өрөөнд нь орж “Мөнгөө алдсан нь үнэн, олсон нь үнэн. Тэглээ гээд олон юм ярилаа” хэмээн загнаад гарчээ.