Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт боомтоор өнгөрсөн даваа гаригт бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар их хэмжээний алтыг тусгайлан төхөөрөмжилсөн машинд нууж, улсын хил гаргах гэж байгаад баригдсаныг бид мэдээлсэн билээ. Дээрх үйлдлийн эзэн нь ӨМА 14- 63 улсын дугаартай УАЗ-469 маркийн машины жолооч Я.Хүрэлбаатар, түүний эхнэр Х.Батбилэг нар байлаа гэсэн авч тэд цагдаагийнханд “Бид зөвхөн хөлс мөнгийг нь авч тээвэрлэсэн. Жинхэнэ эзэд нь биш” хэмээн мэдүүлжээ.
Өчигдөр Гашуунсухайтын боомтын гаалийн дарга н.Сүхбаатартай утсаар холбогдож, тодруулга авахыг хүссэн боловч “Би сайн мэдэхгүй ээ. Цагдаагийнханд хэргийг шилжүүлсэн” гээд утсаа салгачихав. Хамгийн хачирхалтай нь 10.6 кг цэвэр алтыг (энэ нь одоогийн ханшаар 520 сая төгрөг) Я.Хүрэлбаатарын машинд нууж, тээвэрлэх гэсэн эзэн нь олдохгүй байна гэх тайлбарыг Эрүүгийн цагдаагийнхан өгсөн бөгөөд тус газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Ж.Эрдэнэболд “Сэтгүүлчдээс болоод хэргийн эздийг алдчихлаа. Бид яг барих гэж байсан юм.
Бүлэг хүмүүс байсан. Тэгээд ч гаалийнхан биш, манай цагдаагийнхан энэ хэргийг илрүүлсэн” хэмээн дүрэмдсэн явдал юм. Бид болсон үйл явдлыг мэдээлэх үүргээ гүйцэтгэсэн бөгөөд харин гэмт хэрэгтнийг илрүүлэх нь цагдаагийнхны асуудал билээ. Юутай ч энэхүү хэрэг явдлаас үүдэн хууль, хяналтынхан аливаа хэргийн учрыг тайлахаасаа илүүтэй “Манайх, танайх эхэлж илрүүлсэн” гэх магтаал сайшаалын төлөө илүү анхаардаг болоо юу даа гэх сэтгэгдэл төрснийг өгүүлэх байна.
Сүүлийн үед алтыг хууль бусаар хил давуулах гэмт хэрэг ихэсч байгаа бөгөөд энэ нь Хятадад алтны үнэ өссөнтэй холбоотой гэдгийг албаны эх сурвалж ярилаа. Ялангуяа, гар аргаар алт олборлогчид буюу нинжа нар ийм хэрэг үйлдэх нь нэмэгдэж байгаа аж. Сүүлийн есөн сарын байдлаар Хятад руу нийтдээ 21 кг алт гаргах гэсэн гурван гэмт үйлдлийг илрүүлсэн гэж тэрбээр ярилаа.