Наадмын дараахан хэвлэлүүдийн нүүрийг Таксин Чиноват гэх эрхмийн тухай мэдээлэл эзэлж, чамг үй шуугиан дэгдээсэн. Засгийн газрынхаа эсрэг ард иргэдээ турхирсан, үймээн самуун зохион байгуулсан хэргээр Тайландын шүүхээс хүнд ял сонссон Таксин Чиноват Улаанбаатарын нэгэн зочид буудалд Японы Шинтоодайчи намаас парламентад суугаа Сүзүки Мүнэотой уулзан, улс төр, эдийн засгийн байдал, түүнд үүсээд буй байдлын талаар ярилцаж, туслах боломжтой гэж хэлснийхээ төлөө зэм хүртэж байгааг манай сонины сурвалжлагч мэдээлсэн нь ийн сураг алдраад байсан түүнийг сонирхох хүмүүсийг нэмж орхисон. Энэ мэдээлэл худал гэж үзэх олон байсан ч эрхэм Мүнэогийн хэвлэлийн төлөөлөгч үгүйсгээгүй нь үнэн болохыг гэрчилсэн юм.
Тайландын Засгийн газар Японы улстөрчийг гэмт хэрэгтэнтэй уулзсан гэж буруутган, хаана байгаа талаар мэдээлэл дамжуулаагүйд нь ихэд дургүйцсэн билээ. Энэ мэдээлэл тэгсгээд намжтал IV хороолол дахь” White house” буудлаас хэсэг хүний хамт гарч байгааг “Shuud.mn” сайтынхан нийтэд үзүүлсэн нь дахиад л олны анхаарал татсан. Тэр хүн үнэхээр Монголд байна уу, ямар санаа зорилготой ийнхүү орогнож байгааг эрэн сурвалжилсан юм. Тайландтай байгуулсан гэрээгээр манай хоёр орны иргэд 30 хоногийн дотор визгүй зорчих эрхтэй байдаг аж. Тэр хүн энэ гэрээний дагуу ирсэн байх ч эх орноосоо зугтсан Ерөнхий сайд асан Таксин Чиноват гэдэг нэрээрээ Монголд ирснийг гэрчлэх баримт хаана ч байсангүй. Хил гаалиар гарч, орж байгаа иргэдийн бүх мэдээлэл Хил хамгаалах ерөнхий газарт бий. Гэтэл энэ нэрээрээ манай улсын хилийг даваагүй байх юм. Японы улстөрчтэй уулзсан гэх хугацаанаас хойш шүүгээд ч гарсангүй.
Агаараар бус галт тэргээр ирсэн байх магадлал байх ч мөн хайгаад тийм хүн ирээгүй гэсэн хариулт гайхашруулж орхилоо. Түүнийг Монголд орогнож байгаа тухай мэдээлэл сар гаруй хугацаанд яригдсан. Тайландаас ирсэн хүн сарын дотор ажлаа амжуулах боломжгүй байхыг үгүйсгэхгүй. Ажлаа үргэлжлүүлэх шаардлага гарч, Монголд байх хэрэгтэй бол Гадаад иргэдийн харьяатын асуудал эрхлэх газар хандан албан ёсоор виз авч, хугацаагаа сунгах боломжтой. Гэтэл тэр хүн энэ нэрээрээ тус газар болон Гадаад харилцааны яаманд ч хандаагүй байна билээ.
2008 оноос хойш Орос, Франц, Камбож, Брунейд амьдарч байсан тэрбээр Монголыг амар тайван амьдарч болох газар гэж сонгосон байхыг үгүйсгэхгүй ч тэр хүн улстөрийн орогнол хүсээгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын иргэн болох хүсэлтийг хятадууд хамгийн их гаргадаг юм байна. Харин ч улс төрийн орогнол хүсэж байсан тохиолдол нэг ч удаа гарч байгаагүй. “White house” буудал 26 өрөөтэй дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө зүтгэж байгаа аж ахуйн нэгж юм билээ. Тус буудлынхан бүр залхаж орхижээ.Сонин хэвлэлээс явж байгааг дуулангуутаа “Аан нөгөөх сонин нэртэй хүний талаар явж байна уу. Тийм нэртэй хүн манайд ирээгүй. Манайд гаднынхан ирдэг. Нэрсийн дараалал нь энэ байна” гээд олон мянган хүний нэр үзүүлсэн юм. Тэр дундаас Таксин Чиноватын нэрийг хайгаад олсонгүй.
Түүний тухай мэдээлэл олны анхаарал татаж эхэлснээс хойш цагдаагийнхан хамгаалалтад авч, аюулгүй байдлыг нь хангасан гэсэн мэдээллийг цагдаа болон тагнуулынхан энэ тухай сонирхож байгааг ашиглан үгүйсгэлээ. Цагдаагийн байгууллага төрийн албан ёсны арга хэмжээнд хамгаалалт гаргадгаас бус эх орноосоо зугтан, хэнд хандахаа мэдэхгүй байгаа хүнийг хамгаалах эрх, ёс зүй байхгүй гэсэн хариулт өгсөн юм. Түүнээс гадна түүнийг Интерполоор эрэн сурвалжлаагүй байх юм. Хэрвээ Интерполоор эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл Монголын цагдаад ирсэн бол Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг Австралиас саатуулан барьж явуулдагтай адил үйл явдал болох байж. Таксин Чиноват гэх энэ хүн эх орноосоо зугтсан Ерөнхий сайдын дүрээр бус жирийн нэгэн гадаад иргэн гэж манай оронд ирсэн бололтой. Тагнуулынхан ямар ажил хийж, анхаарал хандуулж байгааг сонирхсон юм.
Тус газрын харьяалалд багтах гэмт хэрэг үйлдээгүй, шалгах шаардлага байхгүй бол тагнах хэрэггүй гэнэ. Гэхдээ энэ нь тухайн үед сэтгүүлчийн ам таглах хариулт байхыг үгүйсгэхгүй. Тагнуулынхан хэнийг, ямар шалтгааны улмаас яагаад тагнаж, шалгаж байгаагаа дэлгээд байх нь зүйд нийцэхгүй нь хэнд ч ойлгомжтой. Тагнуул, цагдаа, Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газар, ГИХАЭГ гээд гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг мэдэх бүх газарт түүний тухай мэдээлэл байхгүй гэхэд хилсдэхгүй. Эрэн сурвалжилсан баримтаас үзэхэд энэ хүн Монголд Таксин Чиноват гэдэг нэрээр бус өөр нэрээр ирсэн бололтой. Хэн гэдэг нэрээр ямар зорилгоор ирснийг эрх биш тагнуулын байгууллага мэдэж байгаа гэдэгт итгэж байна. Монголд ирээгүй, Монголоос гараагүй Таксин Чиноват одоо хаана, ямар арга зам хайн явааг өнөөдөр Монголд мэдэх хүн алга.