Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан Богд хааны ордон музейгээс “МОНГОЛ УЛСЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА” үзэсгэлэн, үйл ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэнд Улаанбаатар хотын музей, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн хамтран оролцож байгаа юм.
Жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр бол тэртээ 105 жилийн өмнө Монголчууд Манж чин гүрнээс тусгаарлаж үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд залж нийт даяар хөл хөөр болж байсан түүхэн тэмдэглэлт өдөр билээ. Эл тэмдэглэлт өдөрт Богд хааны ордон музейн зүгээс ач холбогдол өгч жил бүр тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж түүхэн гавьяаг сурталчлан таниулдаг уламжлалтай.
Тус өдөр эх орныхоо түүх, соёлыг дээдлэн хайрлагч, түүхч судлаачид, үндэсний үзэлт сэхээтнүүд, үзэгч олон музейд хүрэлцэн ирж түүхэн гавьяаг дурсан санадаг юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг Богд хааны хөрөг бүхий танка зураг, зээгт наамал бүтээлүүд, Богд хаан болон Дондогдулам хатны ховор гэрэл зургуудыг дэлгэхээс гадна урьд өмнө нийтлэгдэн дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургуудыг ч анх удаа дэлгэн үзүүлэх гэж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Түүнчлэн гэрэл зурагт дүрслэгдсэн Богд хаан, Дондогдулам хатан нарын хувцас, эд хэрэглэлээс ч мөн тус үзэсгэлэнд дэлгэж үзүүлэх юм.
Мөн үйл ажиллагааны хөтөлбөрт хаан хатны сэнтийд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа явагдах ба үргэлжлүүлэн МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан урьд өмнө судлагдаж олон нийтийн хүртээлд хүрч байгаагүй Богд хааны нэгэн намтрыг анх удаагаа цугларсан хүмүүст танилцуулж лекц унших гэж буйгаараа урьд урьдын жилүүдээс онцлог арга хэмжээ болох юм.
Үйл ажиллагааны төгсгөлд “Монгол улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” гэсэн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд хэлэлцүүлгийг ШУА-ын ОУХХүрээлэнгийн эрдэмтэн Монгол улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан хөтлөн явуулах юм.
Та бүхнийг Богд хааны ордон музейд хүрэлцэн ирэхийг урьж байна.