Энэ оны нэгдүгээр сард гарсан Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.
Уг хэргийг Увс аймгийн Давст сумын харьяат Лхагважав овогтой Амаржаргал 1990 онд төрсөн, Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ Дорнод аймгийн Матад сумын харьяат 1990 онд төрсөн, Увс аймгийн Давст сумын харьяат Аюуш овогтой Баатар 1995 онд төрсөн, нар үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 147.2 зүйл ангиар Амаржаргал 6 жил 5 сар, Мөнх-Эрдэнэ Баатар нарт 5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр оноожээ.
Тэгвэл эдгээр залуус шүүхээс оноосон ялыг хүндэдсэн хэмээн үзэж өмгөөлөгчөөрөө дамжуулан энэ сарын 12-нд давж заалдах өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргасан бөгөөд одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа гэнэ..
Энэ талаар хохирогчийн ар гэрийнхэн цахим ертөнцөөр дамжуулан ийнхүү бухимдлаа илэрхийлсэн байна.
Ээжийг минь дээрэмдэж, шатны уруу чирч унагаж гэмтээсэн 3 залууг санаж байна уу? Тэр залуус дээд шүүхэд давж заалдахаар болсон гэнэ. Тухайн зүйл ангийнхаа хамгийн бага хэмжээтэй ялыг авсан юм байна гэж бодож байтал давж заалдаад, тэр нь анхан шатны шүүх рүү буцаад дахиж хурал болоод байсан. Одоо бас дахиад шүүх хурал болохоор болжээ. Одоо бараг 20 хоноод л жилийн ой нь болох гэж байна. Тэгэхэд ээж минь хоёр таягтай арай гэж явдаг, тахир муруй хөлтэй ,ядруу эмээ болсон. Тэр 3 залуугийн "зүтгэлээр" ийм боллоо шүү дээ. Хэдийгээр 74 настай ч хөл гар бүтэн, чанга алхаа гишгээтэй, тэнхлүүн байсан хүнийг ийм болгочхоод ичихгүй дахин дахин давж заалдах хүмүүс байдаг л юм байна. Ээжийгээ ийм болгуулчихаад бид нар "ял хангалтгүй байна" гэж давж заалдахгүй байхад тэд ичдэггүй юм байж дээ гэжээ.