“Зэвсэгт хүчний жанжин штабын нэр бүхий дөрвөн генералын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан байжээ” гэдэг мэдээ ойрын хэдэн өдөр зарим сонинд харагдав. Энэ мэдээг уншсан хүмүүс ”Монголд ер нь юу болоод байна аа. Хэн дуртайгаа тагнаж чагнадаг болоо юу, эсвэл манай төрийн албан хаагчид тэр чигээрээ авлигад идэгдээд, дийлдэхгүй болохоор нь ийм арга хэрэглэдэг байх” хэмээн ярьж байсан.
Дээрх газрын удирдах ажилтнуудын өрөөнд чагнах төхөөрөмж байсан нь үнэн эсэх талаар Тагнуулын ерөнхий газрын эрх бүхий нэгэн ажилтнаас тодруулахад “Хэвлэлд тийм мэдээ гарсныг уншсан. ЗХЖШ-ын ажилтнуудыг чагнаж байсан асуудлаар манайх ямар нэг шалгалт хийгээгүй” гэсэн юм. Харин тус штабынхан энэ талаар ямар нэг зүйл хэлсэнгүй. Бидэнд олдсон мэдээллээр ЗХЖШ-ын нэг газрын дарга хэд хэдэн өрөөндөө засвар хийлгэхээр болсон юм байна. Ингэхдээ юмыг яаж мэдэх вэ гэж бодсон ч юм уу ТЕГ-аас мэргэжилтэн авчирч шалгуулсан аж.
Гэтэл дөрвөн ажилтных нь өрөөнөөс долгион илэрсэн бололтой юм. Гэхдээ энэ долгион нь чагнах төхөөрөмжтэй холбоогүй гэсэн байна. Харин ЗХЖШ-ын урд байрладаг ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн байрны дээр хэд хэдэн антенн байдаг гэсэн. Эдгээрээс цацагдсан долгион төхөөрөмжид баригдсан гэдэг “онош” тавиад байгаа бололтой юм.