Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын дэд дарга н.Долгормаагийн өрөөнөөс их хэмжээний мөнгө алдагдсан хэрэг өчигдөр гарлаа. Эх сурвалжийн мэдээлснээр түүний өрөөнөөс 20 сая төгрөг алдагдсан болохыг цагдаагийнханд 17.00 цагийн үед мэдэгдсэн гэнэ. Дуудлагын дагуу дүүргийн цагдаа болон нийслэлийн Мөрдөн байцаах газрынхан нохойтой ирж, хэргийн газарт нэг цаг орчим үзлэг хийн ажилтнуудын цагийн бүртгэлийг шалгажээ. Манай сурвалжлах хэсэг ГХЯ-нд 18.30 минутын үед хүрч очиход бүх ажилтныг гарахыг, гаднаас хүн оруулахыг хориглосон байв.
н.Долгормаа дарга гуравдугаар давхрын 310 тоотод суудаг юм байна. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр түүний өрөөнөөс алдагдсан 20 сая төгрөг ажилчдын цалин байсан бололтой. Бид энэ талаар мэдээлэл авахаар дотогш нэвтэрсэн боловч “Хэргийн газарт үзлэг хийхэд саад боллоо” гээд хөөгдөж гарлаа. Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрынхан болоод цагдаагийнхан энэ хэргийн талаар ихэд нууцалж байв. Мөн Мөрдөн байцаах газрынхан хэргийн газарт үзлэг хийх үедээ машин, нохойгоо нэлээд хол байрлуулж, тус газарт юу ч болоогүй мэт харагдуулж байсан. Дэд даргын өрөөнд хийсэн үзлэг 19.00 цагийн үед дууссаны дараа бид түүнтэй уулзах гэсэн боловч хамгаалалтынхан “Манай байгууллагын дотоод ажил дууссан. Маргааш ирж уулз” хэмээн оруулсангүй.
Дашрамд дурдахад, Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газар ямар ч дохиолол, камергүй гэсэн. Тиймээс цагдаагийнхан хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар хоорондоо ярих нь сонсогдов. Бид энэ талаар дэлгэрэнгүй сурвалжилж, мэдээллийг уншигчдадаа хүргэх болно.