Сүүлийн үед хууль бусаар мод тээвэрлэж, хот руу оруулахыг завдсан тохиолдол цөөнгүй гарсныг тухай бүрт нь цагдаагийнхан илрүүлжээ. Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Н.Буян-Өлзийгөөс хэргийн талаар тодруулахад,
“2010 оны наймдугаар сарын 6-15-н хүртэлх хугацаанд орон нутгаас мод бэлтгэн тээвэрлэж, нийслэл рүү оруулахыг завдсан 54 тээврийн хэрэгслийг илрүүлсэн. Түүний 37 нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 128 дугаар тушаалаар батлагдсан журамд зааснаар хүчингүйд тооцогдсон бичиг баримт ашиглан мод тээвэрлэснийг нь тогтоон, шалгаж байна.
Мөн энэ сарын 7-нд нийслэлийн ногоон бүсэд хамаардаг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Бурхантын ам гэх газар нойтон, залуу модыг хууль бусаар тайрч байсан. Тэд тус бүр нь 15 метрийн урттай 10 ширхэг мод тайрч, бэлтгэснийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн, хураан авч, шалгаж байна” гэв.
Б.Эма