Биедээ хар тамхи нуун хилээр авч гарахыг завдсан Монгол Улсын иргэн Х.Дамдиныг БНХАУ-ын хил хамгаалах албаныхан саатуулж, Ардын шүүхээс нь түүнд цаазаар авах ял ногдуулаад байгаа. Давж заалдах шатны шүүх хурал нь энэ сарын 13- нд болсон бөгөөд Бээжин дэх Монголын Элчин сайдын яамны Консулын хэлтсийнхэн өмгөөлөгчөөр хангажээ.
Ямар шийдвэр гарсныг ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуягаас тодруулахад “Давж заалдах шатны шүүх хурал болсон ч шийдвэрээ гаргаагүй. Хуулиараа хурлын дараа шууд шийдвэр гаргадаггүй юм билээ. Сарын дараа тодорхой болох байх” гэв. Х.Дамдин Өрөмч хотын шоронд хоригдоод нэг жил гаруй болсон бөгөөд эрүүл мэнд нь хэвийн байгаа аж.
Х.Сүрэн