Зургаа дахь жилдээ болсон хуульчдын сонгон шалгаруулалт энэ сарын 14, 15-нд нэлээд дуулиантай болж өндөрлөв. Учир нь хуульчдаас авах эхний өдрийн сорилын тестийн хариу задарсан гэх мэдээлэл тархаж, 11.00 цагаас эхлэх шалгалтыг 18.00 цаг хүртэл хойшлуулсан юм.
Эхний өдрийн сорилын шалгалтад 777 хуульч орсон бөгөөд тэд өмнөх жилийн шалгуулагчдаас харьцангуй муу үнэлгээ авсан тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Хэрэв энэ үнэн бол Монгол Улс муу хуульчдаар дүүрсэн бололтой. Харин бодлогын шалгалтыг хэчнээн хуульч өгсөн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд шалгалтын материалыг засаж дуусаагүй аж.
Хуульчдаас авах тестийн түлхүүр үг яаж яваад задарсныг Хууль зүйн хүрээлэнгийн мэргэжилтнээс тодруулахад “Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Шалгалтын комиссоос тестийн түлхүүр задарсан байж болзошгүй, тиймээс шалгалтыг 18.00 цаг хүртэл хойшлуул гэж бидэнд хэлсний дагуу л ажилласан. Түүнээс өөр зүйл мэдэхгүй. Тэгээд ч энэ асуудлаар мэдээлэл өгөхийг хориглосон байгаа” гэлээ.
Энэ талаар тус хүрээлэнгийн захирал Н.Мягмараас тодруулах харилцуур цохисон ч түүний туслах Д.Мөнхзул “Захирал хоёр өдөр хуралдаж байна. Энэ талаар манай хүрээлэнгийн зүгээс албан ёсны мэдээлэл хийх эрхгүй” гээд утсаа тасаллаа. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамныхан ч эл асуудлаар мэдээлэл өгөхийг татгалзав.
Ийнхүү олон нийтэд мэдээлэл өгөхийг хаана, хаана дургүйлхэж байгаа нь хуулийнхан өөрсдөө хууль бус ажиллагаа хийсэн байж магадгүй гэх хардлагыг иргэдэд төрүүлээд байгаа юм.
Д.Эрдэнэцэцэг