“Хон Хэрэйд”-ийн Б.Энхбатын толгойлдог байсан “Даяар Монгол” хөдөлгөөний залуус хятад иргэдийг дээрэмдсэн тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Мөн өнгөрөгч долоо хоногт ГовьАлтай аймагт гарсан гэмт хэргийн талаар шинэ мэдээлэл ирсэн эсэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээлэл хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Төгсбаяраас тодрууллаа.
-Дорнод аймагт хятадуудыг дээрэмдсэн залуус “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн мөн үү?
-Мэдээлэл ирсэн даруй бид тус аймгийн Цагдаагийн хэлтэстэй холбогдож хэргийн талаар тодруулсан. Эх сурвалжийн мэдэгдсэнээр энэ сарын 8-нд Лан Бин нарын зургаан хятад иргэнийг “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүд гэж өөрсдийгөө хэлсэн таван залуу Чойбалсан сумын нутаг Энгэр шанд гэдэг газарт саатуулан 2800 юань, 50 мянган төгрөгийг нь сүрдүүлэн авсан юм билээ.
-Нийслэлийн харьяат 26-31 насны залуус тус хөд өлгөөний хуурамч үнэмлэх үзүүлэн уг хэргийг үйлдсэн болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэдний дунд цагдаагийн ажилтан байсан гэсэн үү?
-Тэд бусдын машин ашиглан гэмт хэрэг үйлдээд мөн цагдаагийн офицерийн үнэмлэх, талон, замын цагдаагийн ажилтны улаан өнгийн гэрлэн дохиур, тусгай дуут дохио, гав хууль бусаар ашигласныг тогтоолоо. Энэ нь тэдний анхны хэрэг биш бөгөөд Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шин Шинь”, “Шань Лун” компаниас нэг сая төгрөг, 30-40 литр шатахуун авсан нь тогтоогдлоо. Хоёр нь өмнө гэмт хэрэг үйлдэж 5-7 жилийн ял эдэлж байсан юм. Хятадуудаас 1-5 сая төгрөг нэхсэнийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна.
-Говь-Алтай аймгийн Дарви сумын Элстийн ам гэдэг газар гар аргаар алт олборлогчид, нутгийн иргэдийн дунд мөргөлдөөн гарч, хүний амь нас хохирсон. Хэргийн талаар ямар мэдээлэл ирж байна вэ?
-Дарви сумын гуравдугаар багийн нутаг Сүүтийн цахир, Улаан хуруу гэдэг газар алт байгаа гэсэн сургаар 10-аад машин, найман мотоцикльтэй нинжа газар ухсанаас ийм хэрэг гарсан. Тус аймгийн Есөнбулаг сумын уугуул 30 настай Т буудуулж амь насаа алдсан. Хүний амь нас хохироосон хэрэгт Дарви сумын хоёр иргэнийг сэжигтнээр татан шалгаж байна.
Х.Сүрэн