Говь-Алтай аймгийн Дарви сумын малчид болон тус суманд гар аргаар алт олборлодог иргэдийн дунд үймээн дэгдэж, хүний амь хохирсон харамсалтай хэрэг энэ сарын 11-нд гарсан. Нутгийн иргэдийн хэлж буйгаар тус сумын Элстийн хөндийд их хэмжээний алтны орд байгаа гэх яриаг нинжа нар сонсоод тэрхүү газрын хөрсийг сэндийчиж эхэлжээ.
Тухайн өдөр юу болсон талаар Дарви сумын иргэн н.Дамдинтай холбогдож тодруулахад “Гар аргаар алт олборлогчид болон нутгийн иргэдийн дунд зөрчил үүсэж 2-3 цаг үргэлжилсэн. Нинжа нарын нэг амиа алдаж хэд хэдэн хүн гэмтээд байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн цагдаагийн хэлтсийнхэн ирчихсэн шалгаж, хувиараа алт олборлодог хэдэн хүнийг мөн нутгийн хоёр иргэнийг галт зэвсэг нээсэн байж магадгүй гэсэн үндэслэлээр баривчилсан.
Ер нь энэ асуудлыг төр засаг анхааралдаа авахгүй бол алтны орд илэрлээ гэх болгонд ингэж үймээн дэгдээд байвал нэгээр зогсохгүй нэлээд хэдэн хүний амь эрсдэх бололтой гэв. Гавь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Н.Галбадрахтай холбогдлоо.
-Дарви сум руу явсан ажлын хэсгээс сураг байна уу?
-Утсаар холбогдож, цухасхан мэдээлэл авсан. Дарви, Тонхил сумын зааг дээр үймээн гарсан энэхүү хэргийг дөнгөж шалгаж байгаа болохоор одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Үймээний үеэр тус суманд гар аргаар алт олборлодог байсан нэг иргэн буудуулж нас барсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тийм зүйл болох нь болсон гээд утсаа тасаллаа. Аймгийн цагдаагийн хэлтсийн дэд дарга, хошууч н.Эрдэнэ-Очироор ахлуулсан ажлын хэсэг Дарви суманд ажиллаж байгаа аж.