Увс аймгийн Өмнөговь суманд нутгийн иргэд БНХАУын хөрөнгө оруулалттай алтны компанийнхантай зодолдож, хүн гэмтсэн хэргийг шийдээгүй байтал Говь-Алтай аймагт газар шорооны тэмцлээс болж иргэн амь насаа алдсан хэрэг гарлаа.
Өнгөрөгч лхагва гаригт тус аймгийн Дарви сумын нутагт нинжа нар нутгийн иргэдтэй муудалцсанаас энэ хэрэг үүдэлтэй бололтой. ГовьАлтай аймгийн цагдаагийн хэлтсийн дарга Н.Галбадрахтай холбогдон хэргийн талаар тодруулахад “Дарви сумын нутагт ийм хэрэг гарлаа гэсэн мэдээлэл ирсэн. Аймгаас ажлын хэсэг томилон явуулсан.
Одоогоор ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна” гэв. Албан бус мэдээллээр Дарви сумын иргэн Б-ийн өвөлжөөний ойролцоо алт байгаа гэсэн мэдээлэл тархсан аж.
Алт ухах гэсэн нинжа нар 14 машинтай очиход сумын иргэд газраа ухуулахгүй хэмээн зодолдсоноос 27 настай малчин залуу тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан гэсэн мэдээлэл байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг бид сурвалжлан хүргэх болно
Х.Ундрал