Казахстаны иргэн Т.Сергей энэ сарын 3-нд улсын хилээр эртний хийцийн Манал, Манзушир алтан бурхан гаргах гэж байгаад баригджээ. Тэрбээр Баян-Өлгий аймгаас Алматагийн чиглэлийн онгоцонд суух үедээ уг бурхныг гар тээшиндээ нуусан байна.
Т.Сергей Казахстаны Павлодар хотод оршин суудаг бөгөөд уг хэргийн талаарх баримт, мэдүүлгийг прокурорт шилжүүлэв. Түүнээс гадна энэ сарын 1-нд манай улсын иргэн Ч.Ганчимэг 19 нэр төрлийн эд өлгийн зүйлийг хил давуулахаар оролдсон ч баригджээ.
Тэрбээр Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн галт тэргээр зорчиж явсан бөгөөд авч явсан зүйлсийнх нь дунд гуутай бурхан, эртний домбо, гүц зэрэг байсан аж.
Энэ хэргийг Замын-Үүдийн цагдаагийн хэсэг шалгаж байна.
Р.Оюун