Амралт зугаалга, аялал жуулчлалын улирал болж буйтай холбогдуулан санаандгүй байдлаар улсын хил зөрчих тохиолдол олон гарах болжээ. Өнгөрсөн даваа гаригт Булган аймгийн Тэшиг сум дахь хилийн 0286 дугаар ангийн заставын хариуцсан хэсгийн хилийн 495 дугаар тэмдгийн чиглэлээр дөрвөн иргэн хил зөрчсөн байна.
ОХУ-ын тэдгээр иргэн загас барих зорилгоор ийнхүү хил зөрчсөнийг манай хилчид илрүүлж, хоёр улсын хилийн төлөөлөгчийн уулзалтаар хүлээлгэн өгчээ.
Мөн Дорнод аймгийн Матад суман дахь хилийн 0306 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 7-ны өдөр БНХАУ-ын иргэн Тан Гүй Шин, Жэн Юн Чэн нар Буйр нуур үзэх зорилгоор хил зөрчсөн байна.
Түүнчлэн энэ өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур суман дахь хилийн 0285 дугаар ангийн дугаар заставын хилийн зургадугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын гурван иргэн Алтай таван богдыг үзэхээр аялж яваад улсын хил зөрчсөнийг илрүүлжээ.
Энэ мэтчилэн гаднын иргэд хил зөрчсөнөөс гадна хууль бусаар хулгайн ан хийгчид олширч, улсын хил орчим зөрчил гаргах нь элбэг болжээ.
Тухайлбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэн Б.Гансүх, Хангал сумын иргэн Ч.Адъяадорж, А.Наранбаатар нар хууль бусаар ан хийх гэж яваад хил орчмын дэглэмийг зөрчсөнийг 0286 дугаар ангийн хилчид илрүүлэн саатуулж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.
Р.Оюун