Манай улсын дөрвөн залуу үрлэн хэлбэрээр боловсруулсан их хэмжээний хар тамхи залгин, Хонконгийн хилээр гарах гэж байгаад баригдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сарын 26-нд болох байсан боловч хойшлогджээ. Ямар хугацаагаар, яагаад хойшлогдсон талаар Гадаад харилцааны яаманд албан ёсны мэдээлэл одоогоор ирээгүй байгаа аж.
Энэ оны дөрөвдүгээр сард гарсан уг хэргийг 20-25 насны монгол залуус үйлдсэн бөгөөд одоо Хонконгийн шоронд хоригдож байгаа юм. Тэд 800- 900 грамм буюу нийт дөрвөн килограмм хар тамхи залгисныг Хонконгийн онгоцны буудлын хууль сахиулах ажилтнууд илрүүлсэн.
Одоогийн байдлаар уг хэргийг Хонконг, Хятад улсын алиных нь хуулиар шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа аж.
Хэрэв Хятад улсын хуулийн дагуу шийдвэрлэвэл ийм хэрэг хийсэн хүнийг цаазаар авдаг юм.