Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хар тамхи татаж байсан залуусыг саатуулан УМБГ-ын холбогдох хэлтэст шалгуулахаар шилжүүллээ.
Өнгөрсөн мягмар гаригийн үдэш биеэ авч явах чадваргүй болсон нэгэн залууг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэргэдэх Эрүүлжүүлэх байранд саатуулсан байна. Түүнийг эмчийн үзлэгээр оруулах үед архи үнэртэхгүй байжээ. Эрүүлжүүлэх байрны цагдаа нар холбогдох ажилтнууддаа үзүүлэхэд саатуулагдсан залуу хар тамхины төрлийн ман сууруулах бодис хэрэглэсэн байсан тул түүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Энэ талаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн эх сурвалжаас тодруулахад “Г гэх залууг архи хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон гэж үзээд Эрүүлжүүлэх байранд саатуулсан юм билээ. Гэвч түүнээс архи, согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан тул шалгуулахад мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан. Түүнийг харьяаллын дагуу УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шинээр байгуулагдсан Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг мөрдөх тасагт шилжүүлсэн” гэв.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн нутгаас мансууруулах бодис хэрэглэж байсан таван залууг саатуулсан талаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн нэгэн ажилтан өгүүллээ.
Энэ талаар тус дүүргийн Прокурорын газрын прокуророос тодруулахад “Тус дүүргийн нутагт харьяалагддаг нэгэн зусланд хэсэг залуу хар тамхи хэрэглээд байна гэсэн мэдээлэл цагдаагийнханд ирсэн. Энэ дагуу цагдаагийн ажилтнууд тэднийг саатуулан шалгаж байна.
Одоогоор ямар төрлийн бодис хэрэглэсэн, хэн гэдэг хүмүүс холбогдсон талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. УМБГ-ын ажилтнуудаас энэ талаар лавлахад “Чингэлтэй дүүрэгт зуслангийн байранд мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрнаас мөн төрлийн бодис хэрэглэсэн байж болох залуусыг авчран шалгаж байгаа нь үнэн.
Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж буй болохоор мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Г.Равжаа