Эмчийн буруугаас нэг нүд нь хараагүй болсон иргэн Ш.Сарантуяа хэвлэлийнхэнд хандлаа.
Тэрээр одоогоос 3 жилийн өмнө буюу 2006 онд зүүн нүдэн дээр нь толь унаж гэмтсэн учир хамгийн анх Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлэгийг зорьжээ.
Тухайн үед нүдийг нь үзсэн III эмнэлэгийн нүдний тасгийн эмч Д.Батцэцэг өвчнийг нь нэг их тоолгүй, хэдэн эм бичиж өгөөд явуулжээ.
Эмчид үзүүлснээсээ хойш хэсэг хугацааны дараа нүд нь нэг л болж өгөхгүй болохоор нь Иркутск дахь нүдний төв сайн гэж хүнээс сонссоны дагуу Орост очиж үзүүлэхэд "Өө таны нүд гэмтээд хугацаа их алдсанаас одоо эмчилгээ хийх боломжгүй болсон байна" гэж хэлээд буцаасан байна.
Үүний дараа Энэтхэг улсад очиж эмчлүүлж, эцсээ үзэхээр зорьсон нь эмчлэх гээд үзэхэд болох юм гэсэн хариу авчээ. Ингээд Авастин хэмээх тариаг нүдэнд нь хийсэн ба уг тариаг 22 сарын хугацаатай 3 удаа хувааж хийх тариа байсан бөгөөд нийтдээ Энэтхэг улс руу 4 удаа яваад иржээ.
Ингэж баруун нүдээ хараагүй болох аюулаас аварчээ. Ийнхүү Д.Батцэцэг эмчийн хэлсэн зүйлд тухайн үедээ найдаж, гайгүй хэмээн итгэж явсаар, хугацаа алдсан нь одоо зүүн нүдийг нь хараагүй болгожээ.
Тиймээс ажил мэргэжилдээ ёс зүй, хариуцлагагүй хандсан Д.Батцэцэг эмч болон III эмнэлэгтэй хариуцлага тооцож энэ хугацаанд гарсан нийт 60-аад сая төгрөгийн зардлыг нөхөж олгохыг нэхэмжилж байгаа юм байна.
Энэхүү хэргийн шүүх хурал ирэх сарын 05-нд болох гэнэ.
Б.Энх-Уянга