Баянхонгор аймагт долдугаар сарын 19-нд таван настай охин алга болж, гурав хоногийн дараа цогцос нь хогийн цэгээс олдсон хэрэг гарсан юм. Талийгаач охины цогцост хийсэн задлан шинжилгээгээр гаднын нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон байна.
Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газар, Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хамтран шалгаж, өнгөрсөн баасан гаригт гэмт этгээдийг илрүүлжээ. Хэргийн газрын үзлэг болон бусад нотлох баримтаар сэжигтэн уг хэргийг үйлдсэн болохыг тогтоосон ч охины амийг хөнөөсөн Бадамгарав өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байсан гэнэ.
Мөн долдугаар сарын 30-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Бургасан тасархай гэдэг газарт нутаглаж байсан иргэн Ц-гийн гурван настай охин Э-гийн хоолойг нь хэрчиж, амийг нь хөнөөсөн хэрэг гарсан байна.
Аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд шуурхай ажилласнаар талийгаач охины авга эгч 20 настай Ю энэ хэргийг үйлдсэнийг тогтоосон байна. Энэ талаар тус аймгийн цагдаагийн газрынхнаас тодруулахад “Ю нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн.
Талийгаач охинтой чацуу охинтой байсан юм билээ. Охин нь эндсэн бөгөөд талийгаач охин түүний төрсөн охинтой нь маш адилхан байсан нь амиа алдах шалтгаан болсон бололтой” гэв. Ю охиныг хөнөөснийхөө дараа мөн амиа хорложээ.