Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутагт өнгөрсөн сарын 27-28-нд шилжих шөнө таксины жолоочид халдаж машиныг нь дээрэмдсэн хэрэг гарсан. “Гэмт этгээдийг цэргийн хувцастай хүн байсан” гэж хохирогч мэдүүлж байсан бөгөөд энэ нь ч шалгалтын явцад тогтоогджээ.
Халдлагад өртсөн жолоочийн биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм. Гэмт этгээд автомашиныг унаж яваад шаварт суулгаж орхиод цааш зугтжээ.
Уг хэргийг Ховд аймгийн харьяат, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч Э.Энх-Оргил үйлдсэн байна. Тэрбээр энэ оны тавдугаар сард Ховд аймгаас цэрэгт татагдсан нэгэн юм байна.
Түүний талаар Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн эх сурвалжаас тодруулахад “Э.Энх-Оргил долдугаар сарын 27-нд чөлөөгөөр түр гарсан. Түүнээс хойш анги байрлалдаа эргэж ирээгүй” гэсэн юм. Тэрбээр чөлөөнийхөө хугацааг хэтрүүлэн Ховд аймаг руу оргохоор төлөвлөж уг хэргийг үйлдсэн гэж тайлбарлаж буй гэнэ.
Түүнийг ЭЦГ, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсгийнхэн долдугаар сарын 31-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, Элсэн тасархай орчимд явж байхад нь баривчилсан байна.
Г.ОРЧЛОН