Дорноговь аймаг дахь Сулинхээрийн хилийн отрядын жагсаалын дарга, ахлагч Н өнгөрсөн гуравдугаар сард гэрээс лэл бичиж амиа хорлосон. Түүнээс өмнө Сэлэнгэ аймаг дахь хилийн отрядын байлдагч өөрийгөө буудаж амиа хорлохыг завдсан хэрэг гарч байсныг бид цаг тухайд нь мэдээлж байсан билээ.
Энх цагт байлдааны үүрэг гүйцэтгэн, сумтай буу мөрлөн явдаг хилчид түүнийгээ дайсныхаа эсрэг бус харин өөрсдөдөө зориулах явдал гарсаар байна. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гаригт Өмнөговь аймагт мөн л нэг хилчин өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарлаа.
Тус аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуун сухайтын заставын ахлагч халамцуудаа АКМ маркийн буугаар амиа егүүтгэжээ. Хууль хяналтын байгууллага болон ХХЕГ, тус ангиас Ажлын хэсэг гарч уг асуудлыг шалгаж байгаа ч тэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж буй юм.
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр тус заставын аж ахуйн дарга, ахлагч Б.Баярбат гэх 35 настай залуу тус ангид нэлээд хэдэн жил алба хааж буй юм байна. Хэрэг гарахаас өмнө Гашуун сухайтын боомтод үүрэг гүйцэтгээд бууж ирсэн тэрбээр юуны учир амиа хорлов гэдэг нь хараахан тодорхой болоогүй аж.
Заставын нөхөд нь гэр бүлийн таагүй харилцаанаас болсон байх гэж Ажлын хэсгийнхэнд тайлбарлаж буй гэнэ. Түүний эхнэр уг заставт ажилладаг 25 настай нэгэн аж.
Гэр бүлийн маргааны улмаас ахлагч Б.Баярбат архи ууж, гараад өөрийгөө егүүтгэсэн гэж гэрчүүд тайлбарласан аж. Цогцост хийсэн задлан шинжилгээгээр түүний толгойд АКМ хоёр сум зоогдсон байжээ.
Тэрбээр буугаа автоматаар буудах тохируулга дээр нь тааруулж байгаад буудсан нь тогтоогдсон гэнэ.
Г.Орчлон