Монголд сүлжээний маркетингийн нэрийг ашиглан түргэн хугацаанд мөнгөтэй болно гэсэн санхүүгийн пирамидын хэлбэртэй луйврын компаниуд олширсоор байна хэмээн "DXN Монгол" ХХК-ийн дистрибьюторууд мэдэгдлээ.
Тэдний хэлж байгаагаар яг одоо Монголд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шууд худалдааны "DXN", "Oriflame", "Herbalife", "NSР", "Тяньши" зэрэг компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна.
Харин олон улсад хуулиар хориглосон пирамидын хэлбэртэй "Илбийн карт" буюу "Ретрансмент теам" ХХК, "Мон үндэс 44" буюу "Бат боломж" ХХК, "Аmego global" сүлжээ, "Youneed" сүлжээ, "ТVIехргеss" сүлжээ, "Star work market” сүлжээ, "Smart club" сүлжээ, "Мongolian Forex center " дилингийн төв, "Fohow буюу Галт шувуу" сүлжээ, "Нэг дэлхий эв нэгдэл- клуб” зэрэг компаниуд Монголд эрх зүйн зохицуулалт байдаггүйгээс болж үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж иргэдийг хохироосоор байгаа ажээ.
Эдгээр пирамид хэлбэртэй байгууллагуудад элсэн орсон иргэдийн эхний 20 орчим хувь нь л ашиг хүртдэг ба үлдсэн 80 гаруй хувь нь хохироод үлддэг гэсэн судалгаа гарчээ.
Иймд ард иргэддээ хандан сүлжээний бизнесийн нэрийг барьсан үйл ажиллагаанд татагдан орж элсэхгүй байхыг мөн дээр нэр дурьдсан таван компанийн дистрибьюторууд нэгдэж өөрсдийн бизнесийн нэр хүндийг сэргээж, Монголд хууль эрхзүйн орчин бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахыг тус тус уриалж байгаагаа илэрхийллээ.
Б.Энх-Уянга