АТГ-ын Гүйцэтгэх хэлтсийн дарга, ах лах комиссар Ө.Алтангадасыг уржигдар ТЕГ-ын ажилтнууд баривчилж, Ганцхудагийн цагдан хорих төвд албадан саатуулжээ. Түүнийг хууль бусаар гүйцэтгэх ажил явуулж, комиссар асан Э.Амарбатыг тагнаж байсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр тооцон цагдан хорьж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар АТГын эх сурвалжаас тодруулахад дээрх мэдээллийг баталлаа. Авлигын эсрэг хуулийн 31 дүгээр зүйлд “АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр, бусад албан хаагчийг АТГ-ын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь нэгжлэг хийхийг хориглоно. АТГын албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар, гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол АТГ-ын дарга, дэд даргын талаар УИХ-д, бусад албан хаагчийн талаар АТГ-ын даргад 48 цагийн дотор мэдэгдэнэ” гэж заасан байдаг.
ТЕГын Мөрдөн байцаах хэлтсийн ажилтнууд хуулийн энэ заалтыг баримталсан эсэхийг мэдэхгүй. Зарим хүний өгүүлснээр тэд хууль зөрчсөн бололтой. Зөвхөн Авлигын эсрэг хуулийг зөрчөөд зогсохгүй, Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ч зөрчсөн гэх юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, оргон зайлж болзошгүй бол цагдан хорино гэсэн заалт бий.
Бидэнд олдсон мэдээллээр Ө.Алтангадасыг баривчлах зөвшөөрлийг АТГ-ын дарга өгөөгүй аж. Ө.Алтангадас нь УМБГ-ын ахмад ажил тан Өлзийхутагийн хүү, үе дамжсан хуульч нэгэн. Тэрбээр 1995 онд Цагдаагийн академид орж суралцан 1999 онд эрхзүйч-цагдаагийн ажилтан мэргэжлээр сургуулиа дүүргэсэн юм байна.
Сургууль төгсөөд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад ЭЦГын Эдийн засгийн хэлтэст шилжин иржээ. Улмаар 2007 онд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын дэд даргаар томилогдон ажиллаж, 2008 онд АТГ байгуулагдахад Гүйцэтгэх хэлтсийн даргаар ажиллах болсон аж.
Түүнийг ангийн нөхөд болон хамт ажиллаж байсан хүмүүс нь “Сурлага сайтай, 1999 онд Цагдаагийн академийг онц төгссөн хоёр хүний нэг. Ажилдаа сайн, зүтгэлтэй” хэмээн тодорхойлох юм билээ. Ө.Алтангадасыг цагдан хорьсон талаар өчигдөр 17.50 цагт АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Бадарч сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “АТГ-ын Гүйцэтгэх хэлтсийн дарга, ахлах комиссар Ө.Алтангадасыг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар энэ сарын 28-нд хууль зөрчиж цагдан хорилоо. Энэ нь Авлигын эсрэг хуулийн 31 дүгээр зүйлийн нэг дэх заалтыг зөрчлөө. Энэ нь АТГ-ын бие даасан хараат бус байдлыг хангахад хүндрэл учруулж байна” гэлээ.
“Тагнаж чагнах үйл ажиллагаа явуулснаас болж цагдан хорьсон гэж ойлгож болох уу” гэсэн асуултад “Энэ хүн хуулийн хүрээнд, хууль журмын дагуу ажлаа хийсэн.
Хууль бусаар цагдан хоригдсон албан хаагчийн хувьд авлига аваагүй, албаны эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход ашиглаагүй, авлигын гэмт хэрэгт холбогдсон хэн нэгэн албан тушаалтанд үйлчлээгүй. Харин авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэхийн төлөө хуулийн хүрээнд ажилласан” гэв.
Г.Равжаа