Сүүлийн жилүүдэд манай оронд интернэтийн хэрэглээ өндрөө авч, иргэдийн амьдралын чухал хэрэгсэл болоод байгаа билээ. Үүний хэрээр интернэт түгээгч компаниуд олноор байгуулагдаж үнэ, үйлчилгээний чанараа сурталчилсан рекламуудыг ихээр гаргасаар байгаа.
Эдгээрээс магадгүй хамгийн их реклам сурталчилгаа цацдаг нь Мобиком компаний хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан “Улуснэт” компани бөгөөд том компаний дэмжлэгтэйгээр чамгүй их мөнгийг сурталчилгаандаа зардаг нь нууц биш биз ээ. Мөн менежмент, өнгө төрхийн хувьд ч бусдаасаа ялгархуй шинэлэг зүйлс олон. Харин үйлчилгээний чанар нь тэр бүр иргэдийн санасанд хүрдэггүй бололтой. Учир нь улуснэт компаний интернэтийн хурд захиалсан хэмжээндээ хүрдэггүй, хэлбэлзэл өндөртэй байдаг гэсэн шүүмжлэл өнөө хэр иргэдийн дунд байсаар байна. Энэ нь тус компаний үйлчилгээг телевизийн реклам шигээ сайхан гэж бодсон иргэдийн урмыг ихээр хугалж байна.
Тус компаний интернэтийн үйлчилгээг авахад анх тусгай төхөөрөмж худалдаж болон лизэнгээр авдаг. Гэвч мөнөөх телевизийн рекламаар ойлгосон иргэд эцэст нь ашиглаяа ашиглаж болохгүй, хаяяа хаяж болохгүй нэг төхөөрөмжтэй хоцорлоо гэх яриа сүүлийн үед иргэдийн дунд улам ч ихсэж байна. Иймдээ ч өнөөдөр улуснэт компани үйлчилгээг нь голоод орхисон, төхөөрөмж түрээслээд төлбөрөө төлөхөөс татгалзсан хүмүүсийнхээ араас хөөцөлддөг шинэ төрлийн том ажилтай болж, саяхан үйлчилгээгээ сурталчлан долоочих шахаж байсан иргэдтэйгээ шүүхдэлцэх талаар мэргэшээд байгаа бололтой.
Юутай ч улбар шар өнгө, олон сайхан реклам, хоосон сурталчилгаанаас илүүтэй эхний ээлжинд интернэтийнхээ хурд, найдвартай байдалд анхаарвал өөрсдөд нь ч, итгэж найдан үйлчилгээг нь сонгосон иргэдэд ч, улс оронд шударга бизнесийн харилцаа тогтоход ч хэрэгтэй баймаар.
sharmedee.com