ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс оролцож байгаа байдал болон бусад асуудлаар өчиг дөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Зэвсэгт хүчин 1999 оноос НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих бусад ажиллагаанд оролцох бодлого баримталж ирсэн.
Зэвсэгт хүчний тухай хуулиар Монгол Улсын Зэвсэгт хүчин тайван цагт НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор заасан байдаг. Манай Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноороо нэр хүнд нь дотоод гадаадад өссөн. Зэвсэгт хүчний байгууллалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд манай улс энхийг дэмжих ажиллагааны 2500 хүнтэй бригад буюу дөрвөн батальонтой байхаар тусгасан.
Өдгөө Зэвсэгт хүчний 150, 330 гэсэн хоёр анги үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд гурав дахь ангийг байгуулна. Мөн тэр үед энхийг дэмжих ажиллагааны бригадын штабыг ч бас байгуулахаар төлөвлөж байна. Дөрөв дэх батальон нь боло хоор ар тал хангалт, эмнэлгийн зориулалттай, Зэвсэгт хүчний клини кийн төв эмнэлэг болон ар тал хангалтын анги багтах юм.
Өнөөдөр манай Зэвсэгт хүчнээс 612 хүн гадаадад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна. Энхийг сахиулах ажиллагааны бригадтай болсноор жилд 1200 цэргийн алба хаагчийг гадаадад үүрэг гүйцэтгүүлэх боломжтой болно” гэлээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөр гэж Засгийн газар, Зэвсэгт хүчинд багагүй хэмжээний хөрөнгө орж ирдэг. Хэчнээн хэмжээний мөнгө авч, манайхан юунд зарцуулаад байна вэ?
-НҮБ-ын зөвшөөрсөн болон тус байгууллагын мандаттай ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид оролцсоны нөхөн төлбөр гэж 15 сая доллар, Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцсон гэж АНУ-аас 2.5 сая доллар манайд ирсэн. Энэ мөнгөөр Тавантолгой дахь Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг тохижуулж 2012 он гэхэд Ази, Номхон далайн сургалтын төв болгохоор ажиллаж байгаа.
АНУ болон Катарын оруулсан зургаан тэрбум төгрөгийн хөрөнгөөр цэргийн байр, дулааны шугам хоолой зэргийг шинэчилсэн. Мөн энхийг сахиулах ажиллагаанд оролцох штабын болон ажиглагч офицеруудыг бэлтгэж байна.
-Энхийг сахиулагчдад олгож байгаа мөнгөний 60 хувийг өөрсдөд нь өгдөг. Үүнийг нэмэх талаар ярьж байсан. Хэрхэн шийдэгдсэн бэ?
-Өдгөө энхийг сахиулагчдад сард 1028 доллар өгдөг. Үүний 60 хувийг энхийг сахиулагчдад олгож байгаа. Батлан хамгаалахын сайд Л.Болд энхийг сахиулагчдад олгох мөнгөний хэмжээг 80 хувь болгох саналыг Засгийн газарт оруулж байгаа. Хараахан шийдэгдээгүй байна.
-Чадад нэг батальон цэрэг үүрэг гүйцэтгэхээр болж байгаад цуцлагдсан. Тэдний ачаа техник хэрэгслийг БНХАУ-ын Тяньжин боомтод зургаан сарын турш хадгалж байгаад саяхан эх оронд нь авчирахад зарим нь тоногдсон байсан гэсэн. Үүнд НҮБ-аас нөхөн төлбөр өгөхөөр болсон гэлүү?
-Манай улс Чадад хойд секторыг нь хариуцан үүрэг гүйцэтгэж байгаа. НҮБ-аас манайхаас 800 хүнтэй батальон авахаар санал болгосон ч Чадын Засгийн газраас НҮБ-ын энхийг сахиулагчдын байх хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болгох санал гаргасантай холбоотойгоор манай улсаас цэргийн баг авч байхаар болсон юм.
Манай цэргийн багийнхан тэнд очоод зүгээр суугаагүй. Хойд секторыг хариуцаж ажиллахын зэрэгцээ цэргийн гурван бааз байгуулж, нэгэнд нь “Алтай” гэдэг монгол нэр өгсөн. Энэ нь Африкт төдийгүй НҮБ-ын хэмжээнд анхны монгол нэртэй бааз болсон. Манай техник хэрэгсэлд тээвэрлэлтийн явцад гэмтэл гарсан. НҮБ-аас шинжээчид ирж үзээд манай техник хэрэгсэлд нөхөн төлбөр олгохоор болсон.
-Сьерра Леоны IX ээлжийн багийн захирагч дэд хурандаа Д.Содномцогт ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Сьерра Леон дахь НҮБ-ын Тусгай шүүхийг хамгаалж буй манай IX ээлжийн цэргийн багийн захирагч асан, дэд хурандаа Д.Содномцогийг багийн захирагчаас татаж, оронд нь дэд хурандаа Б.ХашЭрдэнийг томилж, ажлыг нь хүлээлцүүлэхээр ЗХЖШ-аас хурандаа Р.Сүхбат ажиллаад ирсэн. Манай цэргийн багийн хувьд үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа.
Манай өмнөх ээлжүүд Тусгай шүүхэд үүрэг гүйцэтгээд “Нарлаг” бааздаа амардаг байсан. “Нарлаг” баазыг тухайн улсад нь хүлээлгэж өгөөд өдгөө өөрсдөө шүүхийн хашаан дотор байрлаж байгаа. Дэд хурандаа Д.Содномцогийг ажлаас нь халсан гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан байна лээ. Түүний асуудлыг шийдвэрлээгүй. Бид энэ асуудлыг мэдээгүй байхад та нар хамгийн түрүүнд мэдсэн байсан шүү дээ.
-Тэнд чухам юу болсон юм бол. Дэд хурандаа Д.Содномцог архи ууж цэргүүдээ дарамталсан гэж байгаа шүү дээ?
-Цэргийн багийн захирагч дэд хурандаа Д.Содномцог, захирагчийн орлогч дэд хурандаа Б.Энхболд нарын хооронд л маргаан болсон юм билээ. Цэргийн багийн захирагчийн орлогч НҮБын Тусгай шүүхтэй холбогдох байсан ч хэлний бэрхшээлээс болж холбогдоогүй гэсэн. Түүнээс болж маргалдсан.
Цэргүүдээ зодсон дэглэсэн асуудал гараагүй. Тиймээс цэргийн багийн захирагчийг эх орон руу нь татсан(Тэрбээр согтуу байсан гэх мэдээлэлд ямар нэгэн хариу хэлсэнгүй). Ирэх сарын 17, 28-нд Сьерра Леонд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн багийнхан эх орондоо ирнэ.
Тэднийг ирсний дараа Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Д.Содномцог энхийг сахиулах ажиллагаанд хэд хэдэн удаа оролцсон туршлагатай хүн. Тэрбээр “Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд сургалтын хөдөлгөөнт баг удирдаж явсан, дараа нь Сьерра Леонд ротын захирагчаар үүрэг гүйцэтгэсэн алба хаагч.
-Тус улсад үүрэг гүйцэтгэж байгаад жирэмсэн болсон Л.Нарантуяаг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын садангийн хүн гэж сонссон. Та энэ тухай мэдэх үү?
-Хэвлэлээр Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлах ахлагч Л.Нарантуяаг Ц.Бямбажав генералын ахынх нь хүүхэд, түүний нөхөр болж буй залууг манай хамаатан гэж бичсэн байна лээ. Түүний нөхөр нь манай ах дүү хамаатан садан биш. Ахлах ахлагч Л.Нарантуяа урлагийн тоглолтод оролцож байгаад найз залуутайгаа танилцаж, улмаар гэрлэхээр болсон юм шиг байна лээ.
Тэд хоёулаа гэр бүлгүй хүмүүс. Сьерра Леонд казармын журмаар байрлахгүй, хоёр хоёроороо нэг өрөөнд амьдардаг. Одоо Л.Нарантуяагийн хувьд биеийн байдал сайн, сэтгэл санаа тогтвортой байгаа.
-Энэ он гарсаар Зэвсэгт хүчний хоёр ч алба хаагч амиа хорлосон. Дарамт шахалт байснаас ийм зүйл болсон гэж тухайн үед хэвлэлээр бичиж байсан. Хоёр алба хаагч амиа хорлосон асуудлыг шалгаж тогтоосон уу?
-Зэвсэгт хүчний хэмжээнд гэмт хэрэг, зөрчил харьцангуй буурч байгаа. 2002 онд 31 гэмт хэрэг гарч 42 хүн холбогдож байсан бол, 2009 онд дөрвөн хэрэг гарч зургаан хүн холбогдсон. Бид тоон үзүүлэлт буурч байгаа гэж тайвширч болохгүй. Тиймээс сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн байлдагч Б амиа хорлосон нь ямар нэгэн дарамт шахалтаас болоогүй. Сэтгэл санааны хямралаас болсон гэж дүгнэсэн.
Гэр бүлээс нь л таагүй мэдээлэл ирсэн шиг байгаа юм. Мөн Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч гэртээ ариун цэврийн өрөөндөө амиа хорлосон байсан. Энэ нь гэр бүлийнхээ хүнтэй муудалцсанаас болсон юм билээ. Тэрбээр хамтран амьдрагч эмэгтэйтэйгээ муудалцаад амиа хорлосон гэж хууль хяналтынхан тогтоосон.
ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай
Хэрүүлийн алим үүсгэгч дэд хурандаа Д.Содномцог, Б.Энхболд нар Сьерра Леонд
Г.ЦОЛМОН