Тайландын шүүхээс ял сонсон, гадаад орнуудаар зугтаж яваа тус улсын экс Ерөнхий сайд Таксин Чинават Монголд ирсэн сурагтай.
Түүнийг Улаанбаатарын нэгэн зочид буудалд Японы “Шинтоодайчи” намын гишүүн Сүзүки Мүнэотой уулзаж ярилцсан байна хэмээн Японы хэвлэлүүдээр шуугиж байна.
С.Мүнэогийн хэвлэлийн төлөө- лөгч уулзалт болсныг үгүйсгээгүй бөгөөд Т.Чинават Японы улстөрчдөд энэ оны 3-5 дугаар сард Бангкокт болсон Засгийн газрын эсрэг үймээн, цагдаа нарын үйл ажиллагааны талаар тайлбарлан ярьж, одоогийн Засгийн газарт нь дэмжлэг үзүүлэхгүй байхыг уриалсан гэнэ.
Нэг цаг хэртэй үргэлжилсэн уулзалтыг Мүнэо хувийн чанартай хэмээн мэдэгдэж байгаа ч Парламентын гишүүний хувьд нэлээд асуудалд орооцолдох шинжтэй.
Т.Чинаватыг Засгийн газрынхаа эсрэг үймээн гаргасан, террорист ажиллагаа явуулсан хэргээр эрэн сурвалжилж байгаа бөгөөд түүнтэй Японы нөлөө бүхий улстөрч уулзсан явдалд Тайландын Засгийн газар ихэд дургүйцэж байгаа гэнэ.
М.Сугар