Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав АТГ-ын дарга Ч.Сангарагчааг албан тушаалаас нь түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д дахин гаргахаар болжээ. Тэрбээр энэ талаараа өчигдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. “Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд АТГ-ын удирдлагууд гэмт хэрэгт холбогдсон бол заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгахаар заасан байдаг.
Тус Байнгын хорооныхон мөрдөн байцаах ажиллагаа, захиргааны арга хэмжээг хооронд нь хольж хутгаж байна. Гэмт хэрэгт шалгуулж буй хүнтэй тохиролцоно гэсэн ойлголт байхгүй. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс надад ирсэн бичигт түдгэлзүүлэлгүйгээр шалгаж болно гэж тохиролцсон гэсэн утгатай байгаа.
Харин АТГ-ын дарга Ч.Сангарагчаа Хууль зүйн байнгын хорооноос өгсөн чиглэлийг үл тоож байна. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс долдугаар сарын 21-нд манайд албан тоот ирүүлсэн. Үүнд “АТГын дарга Ч.Сангарагчаа Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийг зөрчсөн нь тогтоогдсон боловч мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж, шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй, дуудсан цагт ирэхгүй байгаа учраас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч” гэсэн байгаа.
Тиймээс би УИХ-д Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ дахин явуулж байгаа юм. Хуулийн нэрийн өмнөөс энэ хэрэгт ач холбогдол өгөхгүй бол болохгүй байгаа учраас би өөрөө хэвлэлийн хурал хийлгэж байна” гэж тэрбээр хэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор түүнээс зарим асуултад хариулт авлаа.
-Ч.Сангарагчаагийн талаар мэдээлэл өгсөн хүнийг албан тушаал бууруулж, мөрдөн байцаагч болгосон гэж яригдаж байгаа. Танайд Ч.Сангарагчаатай холбоотой мэдээллийг Э.Амарбат өгсөн юм уу?
-Мөрдөн шалгах хэлтсийнхээ даргыг албан тушаал бууруулсан гэсэн. Бидэнд Ч.Сангарагчаатай холбоотой мэдээллийг УИХ өөрөө өгсөн. АТГ-ын удирдлага санхүүгийн зөрчил гаргасан тухай, шалгах шаардлагатай талаар УИХ-аас мэдээлэл ирүүлсэн.
-Ч.Сангарагчаатай холбоотой асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үед МАХН-ынхан Л.Гүндалайгийн хэргээр барьцаалсан гэх мэдээлэл байгаа.
-Энд намын ямар ч нөлөөлөл байхгүй. АТГ-ын дарга, удирдлага хуулийн дагуу намаас түдгэлзсэн хүмүүс байдаг. АТГ-ын өнөөгийн удирдлага албан тушаалтны хэрэг шалгадгаараа түрий барьж, хуулийн дээгүүр, мөрдөн байцаах болон прокурорын байгууллагын толгой дээгүүр харайж байна.
-Ч.Сангарагчаа хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ Улсын ерөнхий прокуророос Л.Гүндалайн хэргийг хэрэгсэхгүй болго гэсэн дарамт шахалт ирүүлж байгаа талаар ярьж байсан. Саяхан бас түүний хэргийг хэрэгсэхгүй болгохоор АТГ сэргээн шалгасан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байгаа шүү дээ. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?
-Л.Гүндалайгийн хэргийн тухайд өөр хоёр хэрэгт шалгуулж буй учраас нэг хэргийг нь түдгэлзүүлсэн байгаа. Л.Гүндалай өөрөө эдгээр асуудлыг хэрэг биш гэдэг. Хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт прокурорт гаргасан. Тэр хүсэлтийг нь хавтаст хэрэгт нь хавсаргахаар АТГ руу шилжүүлсэн байгаа. Хэргийг хэрэгсэхгүй болго гэж АТГынхныг дарамталсан зүйл бидэнд байхгүй. Энэ бол хоёр намыг сөргөлдүүлэх гэсэн болчимгүй алхам.
-Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байгаа гэж тагнуулаас танайд тоот ирүүлсэн гэж та хэллээ. Ч.Сангарагчаа чухам ямар ямар саад учруулж байгаа юм бол?
-Шаардлагатай бичиг баримтыг нь гаргаж өгөхгүй байх, мөрдөн байцаагчийн дуудсан цагт нь очихгүй байх, компьютерийн хардыг нь сольж, цэвэрлэх гэх зэрэг саад учруулж байгаа юм билээ. Тиймээс АТГ-ын дарга Ч.Сангарагчаад холбогдох хэрэг цаашаа явахад ноцтой хүндрэл гарлаа.
-Э.Амарбатыг Ч.Сангарагчаа дарга тагнаж чагнаж байсан гэх мэдээлэл үнэн үү?
-Э.Амарбатыг бүхэл бүтэн 15 хоногийн турш Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчиж тагнаж чагнасан. Мөрдөн байцаалтын явцад энэ ажлыг хийж байсан хүмүүс нь “Удирдлага үүрэг өгсний дагуу хийсэн” гэж тайлбарласан.
-Танд холбогдох Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирал байхдаа 830 сая доллар зориулалт бусаар ашигласан хэргийг сэргээн шалгах гэж байсан. Гэтэл саяхан уг хавтаст хэрэг танай архиваас алга болсон. Үүнтэй холбоотойгоор архивынхаа эрхлэгчийг халсан гэх мэдээлэл сонинд гарч байгаа. Үүнд та тайлбар өгөөч?
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын мэдлийн “Зууны мэдээ” сонин, “ТВ-9” телевиз зориуд ийм худал мэдээлэл цацаж байна. Архивын даргыг 2010 оны гуравдугаар сарын 31-нд ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр хуучин Ерөнхий прокурорын тушаалаар халсан юм билээ. Архиваас ямар ч хавтаст хэрэг алга болоогүй. 830 сая долларын хэргийн тухайд гэмт хэрэгт холбогдолгүй учраас тухайн үед хаасан.
-Долдугаар сарын 1-ний хэргийг сэргээн шалгуулах үүрэг өгсөн гэсэн. Хэзээнээс мөрдөн байцаалтын ажиллагаа сэргэж, шалгах юм бэ?
-Энэ хэргийн улмаас хохирсон таван хүний ар гэрийнхэн өргөдөл гаргасан. Энэ хэрэгт холбогдсон цагдаа нарын асуудал биш, 400 гаруй хүний асуудал учраас нэгбүрчлэн хянаж байна. Үүний дараа хэрхэхийг шийдвэрлэнэ. -Бүтцийн өөрчлөлт хийж, хоёр орлогчоо өөрчлөх гэж байгаа гэсэн мэдээлэлд та ямар тайлбар өгөх вэ? -Бүтцийн өөрчлөлт хийх талаар судалж байгаа. Өөрчлөлт хийх нь хийнэ. Хоёр орлогчоо өөрчилж ч магадгүй.
Г.РАВЖАА