Алдаж онодог хорвоод хэн ч алдаж болно. Алдаагаа ойлгож амьдарна гэдэг ухаарал юм. Ухаарлын цаана амьдрал, тэмцэл, аз жаргал аль аль нь өрнөж байдаг. Хүсэл байвч хясал гэж бий. Хэлж ирдэггүй, гарт баригддаггүй зовлонгийн хаалгыг татахад ойрхон гэдгийг бид тэр бүр анзаардаггүй.
Сэтгэлдээ уур хилэн, гомдол гуниг тээсэн тийм л үед хэнэггүй зан, санамсаргүй үйлдлээс буруу алхам хийж, алдсан олон бүсгүй бий. Хазгай гишгэснийхээ хар гайг үүрч, хамаг сайхан залуу насаа өргөст торны цаана өнгөрөөнө гэдэг бүсгүй хүнд ахадсан дэндүү хатуу тавилан. “Амьдрал хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Аз жаргал, эрх чөлөө үнэтэй олддог юм шүү. Хайрлаж, хамгаалж, ухаантай амьдраарай хүмүүс ээ” хэмээн захисан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа, Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хүмүүжигч М.Гансүхийн яриаг уншигч та бүхэнд хүргэе.
-Ойрын өдрүүдэд гэр бүлээс тань эргэлт ирэв үү?
-Шинэ жилийн өмнөхөн ээж, хүү хоёр маань эргэж ирсэн.Ойрд чимээ алга. Ээж дээр хоёр хүүхэд минь бий. Том хүү хоёрдугаар анги, бага охин хоёр настай, цэцэрлэгт явдаг. Багыгаа чанга дэглэмтэй ангид хүмүүжиж байхдаа төрүүлсэн.
Намайг анх энд ирэхэд ээж минь толиотой байлаа. Тэр үеэ бодвол одоо их ядарсан байна. Надад зүдэрснээ тэр бүр хэлээд байдаггүй ч царай зүс, харцнаас нь ядруу байгааг мэдэрдч сэтгэл сэмэрлээ. Намайг санаа зовно гэсэндээ л муу ээж минь хэлдэггүй биз дээ.
Хүүхдүүдтэйгээ хамт байж чадахгүйдээ их харамсдаг. Эргэлтээр ирсэн үедээ хүү минь хүүхдийн гэнэн цайлган зангаар надад юу сурснаа харуулж, баярлуулах гээд их хичээдэг. “Ээж ээ, эндээс хурдан гараад бидэнтэй хамт байгаач дээ” гэж гуйхад нь “Ээж нь удахгүй очно. Одоо ажил ихтэй, завгүй байна” гэж хэлээд хуурчихлаа. (Уйлав)
-Энд ирээд удаж байна уу?
-Долоон жил болж байна. Одоо найман жил дутуу. Чанга дэглэмээс жирийн дэглэмтэй анги руу шилжсэн. Амьдрал, эрх чөлөө гэдэг бодож байснаас минь илүү, ямар үнэ цэнэтэй юм бэ гэдгийг их ойлгож, мэдэрсэн. Он жил өнгөрөх тусам ухаажиж, хийсэн хэрэгтээ гэмшиж сууна. Хүнд нэг өдөр, хоног асар их үнэтэй байдаг юм байна. Өмнө нь залуу хүний омог бардам сэтгэлээр амьдралд хайргүй хандаж явжээ.
Энд ирсэн цагаасаа харуусал, гэмшил сэтгэлдээ тээсээр өдийг хүргэлээ. Хааяа гадаа гараад хөрс, шороонд дураараа хөрвөөж, зуны сайхан байгальд ногооны үнэр үнэрлэх юмсан гэж хязгааргүй хүсдэг.
-Өмнө нь би Эмэгтэйчүүдийн хорих ангийг хатуу чанга дэглэмтэй, сэтгэлзүйн дарамт их, хийлгэж буй ажил нь хүнд гэж ойлгодог байлаа. Гэтэл арай ч тийм биш бололтой. Эсвэл өнгөц, өнгөн талдаа ийм харагдаж байгаа юм болов уу?
-Ангийн хангамж жил ирэх тусам сайжирч байгаа. Эндхийн удирдлагууд биднийг аль болох тохь тухтай байлгах гэж хичээдэг. Долоо хоногт утсаар нэг удаа яриулж, усанд оруулан, чанартай хоол өгч, ажлын байраар хангаж байна. Хэдий шорон ч хүн эндээс авах зүйлээ авч, хаях зүйлээ хаях хэрэгтэй. Би эндээс үүнийг сурах ёстой, надад хойшдоо тус болно гэж бодвол амьдралд хэрэг болох олон зүйлийг өгч чаддаг орчин.
-Алдаа, гэмшил хэлж ирдэггүй. Хэнд ч тохиолдож болно. Хоёулаа сэтгэлээ онгойтол ярилцаж болох уу? -Би тийм ч нээлттэй биш ээ. Тантай ярьж байгаа шигээ хүн болгонтой чөлөөтэй ярилцаж чаддаггүй. Хүний амь бүрэлгэсэн хэргээр, эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангид зааснаар15 жилийн хорих ялаар шийтгүүлж, ял эдэлж байгаа.
Хүүхнүүдийн зовлон, жаргал адил болохоор хааяа хоорондоо сэтгэлээ онгойтол ярилцдаг л юм. Энд ирснээр хүний зан араншинг таньж, нөхөрлөж сурч байна. Зав гарсан үед бидний ярианы сэдэв гэр бүл, үр хүүхэд байдаг. Хүн чинь сэтгэлийнхээ дурсамжаар илүү амьдардаг юм байна.
Өмнөх амьдралынхаа сайхан дурсамжуудыг ярьж суухад сэтгэл минь жаахан ч гэсэн тайвширдаг. Одоогийнх шигээ бодолтой явсан бол арай өөрөөр амьдрах боломж надад байх байжээ. Тухайн үед өөрийгөө хянах чадваргүйгээсээ болж, буруу зүйл хийн, амьдралаа алдаж, төсөөлж байгаагүй хэцүү зовлонгийн хаалгыг татсан.
Хүн алдахад их ойрхон байдаг юм билээ. Нэг л буруу гишгэвэл зовлонгийн замаар замнах хаалга нээлттэй байдаг юм байна. Энд ирчихээд эхэндээ хэн нэгэн буруутай юм шиг санагддаг байлаа. Хэн нэгнээс болоод энд байгаа мэт бодогддог байсан.
Цаг хугацаа өнгөрөх тусам хүн ухаажиж, зөөлөрдөг юм байна. Надад сайхан амьдрах боломж, гарц зөндөө байсан.Үүнд би өөрөө л буруутай.
Талийгаачийг бодохоор одоо их харамсдаг. Би муухай зүйл хийж, нүгэл үйлдсэн. Хүний амьдрал, алтан амь юунаас ч илүү үнэтэй гэдгийг ухаарсан.
Хамаг сайхан залуу насаа өргөстэй торны цаана гунигтай өнгөрөөнө гэдэг мэдээж сайхан зүйл биш шүү дээ.(Нулимсаа арчив)
-Гэхдээ нэг л сайхан өдөр Та ээж, хүүхдүүд дээрээ очно шүү дээ?
-Анх ирж байхад бүх зүйл харанхуй мэт санагддаг байсан. Ийм газар яаж 15 жил болно доо гэж бодохоор өөрийн эрхгүй жихүүцдэг байв. Бүр барахгүй байх аа гэж бодно. Миний хувьд ажил хийж байгаа болохоор одоо цаг хугацаа, өдөр хоног амархан өнгөрч байна. Харин хүлээж суугаа ээж, хүүхдүүдэд минь урт хэчнээн хэцүү, урт уйтай өдөр хоногууд байдаг бол. Үүнийг бодохоор амьсгал царцах шиг санагддаг.
-Тантай ярилцаад суухад яагаад ч юм хүний аминд хүрч, гэмт хэрэг үйлдсэн гэх бодол төрөхгүй байна? -Өөрийнхөө тухай, өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлж их боддог. Хэрвээ нээлттэй, хэн нэгэнтэй чөлөөтэй ярилцдаг байсан бол ийм зовлонд унахгүй ч байх байсан юм бил үү.
Сэтгэл дотор минь хурж, бугшсан зүйл нэг л өдөр өөрийгөө хянах чадваргүй болтлоо тэсэрсэн. Хэрэг үйлдэхдээ эрүүл байсан хүн шүү дээ, би. Нэг үе ерөөсөө би эндхийн хүн болсон, тийм болохоор хүүхдээ асрамжийн газар өгье гэж боддог байлаа.
Тэгээд нэг өдөр ээждээ хэлээд гомдоочихож билээ. Надад “Би хүүгээр чинь амьд явах голоо зогоож байна. Хүүг чинь аваад явчихвал чи намайг яаж амьдарна гэж бодов” гээд уйлж байсан.
Буруу бодож байснаа дараа нь ойлгосон л доо. Над шиг зовлон үүрсэн олон бүсгүй энд бий. Бүсгүйчүүд нэг нэгнийгээ зовлонг сайн мэдэрч, ойлгодог юм.
-Аливаа зүйлд заавал шалтаг, шалтгаан гэж байдаг. Танд ийм их зовлон шаналлыг авчрах болсон шалтгааныг юу гэж боддог вэ?
-Мэдээж зовж амьдрахыг хэн ч хүсэхгүй биз дээ. Нэгэнт болоод өнгөрсөн зүйл, миний л буруу байсан. Надад зовохгүй байх боломж байсан.
Энд ял эдлэх тэр зовлонгийн хар хаалгыг өөрөө л татсан. Уур, омог сайн зүйлд хүргэдэг зүйл биш ээ. Харин хар үүд рүү далалдаг нүгэл.
Хүн сэтгэлийн хат, уур, бухимдлаа барих тэвчээртэй байх хэрэгтэй. Хэн нэгэн уурласан ч асуудлыг тайван шийддэг байх ёстой юм билээ.
Зэрэгцээд л оволзоод байвал над шиг алхам хийхэд тун ойрхон байдаг юм шүү. Нэг нэгнээ хайрлаж хүндэлж, амьдралыг сайхнаар өрнүүлдэг байгаарай гэж бүсгүйчүүдэд захья.
Ням гариг сэтгүүл 2010.01.17