Авлигатай тэмцэх газар сүүлийн үед янз бүрийн хэл амны бай болсоор удлаа. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатыг өнгөрсөн баасан гаригт болсон тус газрын даргын зөвлөлийн хурлаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар тус газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Э.Амарбат даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь үнэн” гэхээс илүү зүйл ярихыг хүссэнгүй.
Бидэнд олдсон мэдээллээр түүнийг үүрэгт ажилдаа хайнга хандсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг үндэслэлээр өөрчилсөн сурагтай. Түүний оронд одоогоор хүн томилоогүй гэж албаны эх сурвалжууд өгүүлэв. Зарим хүн Мөрдөн шалгах хэлтсийн даргаар нэгдүгээр тасгийн дарга Н.Батзогсохыг томилсон гэж буй. Харин Н.Батзогсох өөрөө үүнийг үгүйсгэж байгаа юм.