Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорд холбогдох хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлцэх байсан боловч ирэх сарын 3- ныг хүртэл хойшлууллаа. Учир нь түүнд холбогдох хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Ж.Чимгээ ээлжийн амралтаа авсан тул шүүгч Н.Сүхбаатар, Ч.Хосбаяр, Ж.Төгсгэрэл нар зөвлөлдөөд уг шийдвэрийг гаргав. Шүүх хурал 11.00 цагт эхлэх байсан ч шүүгдэгч Д.Сүрэнхорыг 11.20 цагийн үед Ганцхудагийн цагдан хорих төвөөс авчирсан юм.
Шүүх хурлын хүлээлгийн өрөөнд орохдоо тэрбээр хэвлэлийнхнээс нуугдан, саравчтай малгайгаа духдуулж өмсөн, нүүрээ нууж байсан. Түүний өмгөөлөгчөөр гавьяат хуульч Г.Оюунцэцэг ажиллаж байгаа бөгөөд өчигдрийн хурлын үеэр үйлчлүүлэгчээ цагдан хорих арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргаж өгөхийг хүссэн. Харин шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм. Хурал дуусахад Д.Сүрэнхорын ар гэрийнхэн халуун хоол цай түүнд өгч байлаа.
Д.Сүрэнхор Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа яамныхаа барилгын их засварын 73, Олон улсын зах зээл судлалын төвийн 2.5, “Бөөний худалдааны сүлжээ” төслөөс 5.0 саяыг гэх мэтчилэн бэлэн мөнгө болон чекээр нийт 80 сая төгрөг гаргуулж авчээ. Түүнчлэн албан хэрэгцээнд ашиглаж бай сан ҮХЯ-ны дансанд бүртгэлтэй хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй ноте бүүк, төрийн холбооны 9200… дугаартай гар утас, 232 мянган төгрөгийн үнэтэй иргэний хамгаалалтын хувцас, 10 саяар үнэлэгдсэн “Ланд круйзер-100” маркийн автомашиныг мөрийтэй тоглоомд зарцуулсан хэрэгт холбогдоод байгаа юм. Түүнийг саатуулсны дараа Эрүү- гийн хуулийн 148, 150, 261 дүгээр зүйлд заасны дагуу бусдыг залилан мэхэлсэн, эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн, мөрд өн байцаалтаас оргон зайлсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаж буйгаа ч цагдаагийнхан танилцуулсан.
Мөрдөн байцаалт дууссаны дараа прокурор оргосон, бусдыг залилан мэхэлсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, төсвийн хөрөнгө завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүхээр түүний гэм буруутай нь тогтоогдвол хуулийн энэ заалтын дагуу эд хөрөнгийг нь хурааж, 5-10 жилийн хугацаагаар хорих ял ногдуулах аж.