“Транс” банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожилов албан тушаалаа ашиглаж, тус банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг барилгын засвар нэрийн дор үрэн таран хийж шамшигдуулсан хэрэгт холбогдоод байгаа.
Түүнд холбогдох хэргийн шалгалт С.В.Паушокт холбогдох хэргийн нэгэн адил удаашраад буй юм. “Транс” банкинд хадгаламж эзэмшигч монголчуудын мөнгийг А.Е.Новожилов оросуудад өгч үрэн таран хийсэн бас нэгэн баримт бидэнд олдлоо.
Тус банкнаас ОХУ, Монгол Улсын хөрөнгө оруулалттай нэгэн компани зээл авсан бөгөөд түүнийх нь хугацаа хэтэрсэн ч төлөлгүй “луу унжсаар” байгаа аж. “Илк”, “Говь Урал” компани нэлээд их хэмжээний зээл авсан бөгөөд шалгалтын явцад А.Е.Новожилов ОХУ-ын нэгэн иргэнд ямар ч барьцаагүйгээр хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зээл болгон өгсөн байжээ.
Өдгөө түүнийг нь тус банкны өр барагдуулах албанынхан хөөцөлдөж байгаа боловч хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олж авч чадахгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.