Эрүүл мэндийн сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж байсан УИХын гишүүн Л.Гүндалайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг Прокуророос гаргаж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. Бидэнд олдсон мэдээллээр өчигдөр Нийслэлийн прокурорын газраас Авлигатай тэмцэх газарт очсон албан бичигт “УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох хэргийг сэргээн шалгаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хэрэгсэхгүй болго” гэсэн байжээ.
Тэрбээр Эрүүл мэндийн сайд байхдаа тус яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь ч нотлох баримтаар баталгаажсан байдаг. Мөн Тайваний Тайпэй хотоос Монгол Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан.
Үүнийг нь тухайн үед илрүүлж Л.Гүндалай хэргээ хүлээн, 20.3 сая төгрөгийг улсад буцаан тушаасан байдаг. Түүнчлэн ХӨСҮТ-ийн нэр дээр байсан “Ланд Круйзер” маркийн автомашиныг Эрүүл мэндийн яам руу шилжүүлэн, улмаар Хөвсгөл аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвд хүргүүлсэн. Сүүлд нь хэрэг шалгах үед уг машиныг түүний ахын хашаанаас хураан авч битүүмжилсэн юм.