Өнгөрөгч мягмар гаригт цагдаагийнхан Богд ууланд самналт хийж АНУ-ын иргэн Колин Маклайн цогцсыг 17.20 цагт олжээ. Хэргийн газар ажилласан цагдаагийнхан гаднын нөлөөтэй эсэхийг шалгасан аж.
Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад “Колин Маклайн өөрийн найз Маркр Орбайтын хамт өнгөрөгч бямба гаригт Төв аймгийн Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил руу алхаад ням гаригийн өглөө буусан юм байна.
Колин Маклайн Их тэнгэрийн амны ойролцоо үлдээд сураггүй болсон учир танилууд нь бидэнд хандан эрэн хайх ажлыг эхлүүлсэн. Цогцсыг олсон бөгөөд урьдчилсан байдлаар осгож нас барсан нь тогтоогдсон. Тэр өдөр усархаг хүйтэн бороо орсон юм билээ. Зарим нэг хэвлэлд цагдаагийнхан хамт явсан мэтээр бичсэн байна лээ. Талийгаач найзтайгаа хоёулаа явж байсан юм.
Хэргийг шалгах ажил үргэлжилсээр байна” гэв. Ерөнхийлөгчийн Тамгын газарт дагалдан ажилтан гэж байдаггүй бөгөөд талийгаач Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Г.Ганзоригийн дадлагажигч байсан аж.
Талийгаачийн гэрийнхэнд нь эмгэнэлт мэдээг хүргэсэн бөгөөд удахгүй цогцсыг явуулах аж.
Х.Оюун