Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн отрядын дарга асан хурандаа Б.Батболдод холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж дуусаад харьяаллын дагуу Дорноговь аймгийн шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр 2009 оны зургадугаар сард Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн отрядын дарга байхдаа удирдлагадаа ажиллаж байсан, дэслэгч Д.Булганыг зодож амь насыг нь хохироосон хэрэгт холбогдоод байгаа юм. Уг хэргийг харьяаллын дагуу Дорноговь аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж байсан ч хохирогчийн ар гэрийнхэн УЕПГ-т хүсэлт тавьж УМБГын Онц хүнд зохион байгуулалттай хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн юм.
Тэрбээр “Би хүний амь нас бүрэлгээгүй. Энэ гэмт хэргийг үйлдээгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж байгаа бөгөөд талийгаач Д.Булганыг зодуулснаас болж амиа алдаагүй гэж шүүх эмнэлгийн хоёр удаагийн дүгнэлт гарсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр шүүх эмнэлгийн хоёр удаагийн задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаач офицер гэдэсний сүрьеэтэй байснаас амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан гэнэ. Хэрэгт хяналт тавьж буй прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзээд шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах ажиллагаа явуулахаар болсон. Дахин шинжилгээ хийхэд шинжээчдийн дүгнэлт буруу гарсан, талийгаач Д.Булган даргадаа зодуулснаас гэмтэл авч нас барсан гэжээ.