Шилжилтийн үеийн үүргээ гүйцэтгэсэн, бас өрөөсгөл хөгжиж ирсэн татварын тогтолцоог өөрчлөх санаачилгаа УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир өчигдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Улсын төсвийг бүрдүүлэхэд л анхаарч аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн албан татварт санаа тавиад хувь хүний орлогын албан татварыг төр “шоовдорлож” орхисон аж.
Энэ бүхнийг засахдаа нэг сумаар хэд хэдэн ч туулай буудахаар эрхэм гишүүн тооцсон юм байна. Үүний тулд Монгол Улсын иргэн бүр орлогоо мэдүүлдэг болох нь. Ингэснээр нийгэмд бий болсон шударга бус явдал, авлигатай тэмцэх боломж бүрдэх гэнэ. Олон улсад түгээмэл хэрэглэдэг, үр дүнгээ өгсөн ийм аргад шилжсэнээр иргэдийн нэгдсэн бүртгэлтэй болж, хөрөнгө, санхүүгийнх нь талаар бодит судалгаа, мэдээлэлтэй болох юм. Мөн нийгмийн халамж эзэндээ хүрэхэд энэ мэдээлэл суурь болно.
Үндсэн болон нэмэлт орлогоо татварын албанд иргэд өгч, улмаар орлогынхоо хэмжээнд тохирсон харилцан адилгүй татвар төлөх юм байна. Гэхдээ ухамсраараа татвар төлөх орчин манайд бүрдээгүй нь асуудал үүсгэнэ. Үүнийг шийдэхийн тулд 2009 оноос Японы ЖАЙКАтай хамт ран “Тат варын боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулиудад хичээл заах болжээ. Татвараа сайн дураараа төлөх, түүний ач холбогдол, үр шимийг хүн бүрт мэдрүүлэхэд багагүй хугацаа шаардагдана.
Гэхдээ энэ нь иргэдийг хянах, шалгах зорилгогүй гэдгийг тэр онцлов. Юутай ч Д.Балдан-Очир хувь хүний орлогын албан татварын тогтолцоог шинэчлэхийн тулд иргэд, салбарын эрдэмтэн, судлаач, төрийн албан хаагч, иргэний нийгмийнхний дунд энэ оны турш хэлэлцүүлэг зохион байгуулах аж.