Хүүхдийн эрхийг уландаа гишгэж, хэсэг бүлэг хүний, ялангуяа уяачдын зугаа цэнгэлийг дээгүүрт тавьсан жагсаал өнгөрсөн бямба гарагт боллоо. Морьтой 1000 орчим хүн жагсаалд нэгдэж, “Дүнжингарав” худалдааны төвөөс нийслэлийн төв талбай хүртэл урт цуваа үүсгэв. Тэдний явсан замаар мориных нь ялгадсан жим гарч, улмаар төв талбай тухайн өдөр малын хашаа шиг л болсон. Морьтой жагсагчид “Дүнжингарав” уралдааныг сэргээхийг шаардахдаа “Өвөл, хаврын морин уралдаанаар Монгол дэлхийд танигдах боломжтой” гэх үндэслэл дурдав. Угтаа өвөл, хаврын уралдаанаар Монгол хэдийн дэлхийд танигдаж, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жишээ гэдгийг нь олон улсад хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай конвенцод манай улс 2001 онд нэгдсэн юм билээ. Үүнээс хойш хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, ялангуяа хурдан морь унуулдгийг таслан зогсоох ёстой талаарх нөлөөллийн ажлуудыг хүний эрхийн байгууллагууд тогтмол хийж иржээ. Тэдний хичээл зүтгэлийн үр дүн 18 жилийн дараа буюу 2019 оны нэгдүгээр сарын 30-нд арайхийн гарч, Засгийн газар 57 дугаар тогтоолдоо “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай” гэж заасан билээ.
Өвөл, хаврын цагт хурдан морь уралдахгүй байх шийдвэрийг ийнхүү гаргаснаас хойш зургаан жил өнгөрсөн ч уяачид “хүмүүжсэнгүй”. Тэд хүүхдийн эрхийг уландаа гишгэж, хавар, өвөл бүр нууцаар морь уралдуулдаг хэвээрээ л байв. Улмаар бүр ч даварч, Засгийн газрын шийдвэрийг цуглуулан, жилийн дөрвөн улирлын турш хүүхдүүдээр морь унуулан наадахыг санаархаж байгаа нь эмгэнэлтэй. Бурангуй ёс руугаа буцахыг шаардсан уяачдын шаардлагад олон нийт арга ядсандаа “Өөрсдийнхөө хүүхдээр морио унуул” гэж хариулж байна.
Гэвч тэд өөрсдийн хүүхдээр морь унуулж уралдуулдаггүй. Гэмтэж бэртэх, улмаар амь эрсдэх ч магадлалтай уралдааны замд голчлон ядарсан айлын хүүхдүүдийг л гаргаж, тэднийг гэр бүлийнхнээс нь холдуулж, сургуулиас нь хүртэл завсардуулдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Улмаар хүүхэд амиа алдсан тохиолдол ч цөөнгүй гарсан. Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлснээр өнгөрсөн онд л гэхэд хурдан мориноос унасны улмаас дөрвөн хүүхэд эндэж, гурван хүүхэд бэртжээ.
М.Оч