УИХ-ын намрын чуулганыг өнгөрсөн баасан гарагт хаав. Энэ нь 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган байсан юм. Нийт гишүүний 80 нь анх удаа сонгогдсон, шинэ хүн. Тиймээс гишүүд ажилдаа суралцах, дэг, ёс журамдаа дасах гэж багагүй будилсан цаг хугацаа өнгөрлөө. Эл чуулган 81 өдөр чуулж, 52 хууль, УИХ-ын 57 тогтоол хэлэлцэн баталсан аж. Үүнд бие даасан найм, нэмэлт, өөрчлөлт оруулсан 29 хууль байжээ.
Аравдугаар сард нээсэн намрын чуулганы нийт хугацааны дөрөвний гуравт нь 2025 оны улсын төсвийг хэлэлцсэн гэхэд болно. Тэгсэн хэдий ч хамтарсан Засгийн газраа дэмжин ажиллаж, олон жил гацсан зарим мега төслийг урагшлуулсан нь томоохон ахиц байв.
Төсөв тойрсон туршлага
Д.Амарбаясгалан даргатай, 126 гишүүнтэй УИХ манай улсын түүхэнд анх удаа ирэх жилийнхээ төсвийг хоёр удаа, эхнээс нь давтан хэлэлцсэн билээ. Засгийн газраас өргөн барьсан төсвийн эхний хувилбарыг парламент нүдэн балай, чихэн дүлий мэт суусаар баталж орхиод, Ерөнхийлөгчийн хоригт “өртсөн” юм. УИХ-ын гишүүд, сайд нарын хэн хэн нь төсвийн эл хэлэлцүүлэгт маш хайнга хандсан. Ирц муу, сайд нарын эрэлд гарсан өдрүүд байсныг уншигчид санаж буй биз. Ингээд төсөвт бүтнээр нь тавьсан хоригийг анх удаа хүлээн автал хэрхэн, ямар дэгээр хэлэлцэх зохицуулалт хуульд байсангүй. Намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга “2025 оны улсын төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хориг төсвийг эргэн харах нөхцөл бүрдүүлсний зэрэгцээ хэлэлцэх дэгийг цаашид сайжруулах шаардлагатайг ойлгуулсан” гэжээ. Өмнө нь ийм туршлага байгаагүй учраас нэг хэсэг будилсан. Үнэндээ энэ бүхэн гишүүд, сайд нарын хариуцлагагүй байдалтай холбоотой байсан юм. Төсвийн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэг хоригийг хэлэлцэхтэй холбоотой нэг удаагийн хууль өргөн барьсан. Хоёрдугаар хэлэлцүүлгийн шатнаас нь төслийг үргэлжлүүлж, алдааг засах, ингэснээрээ цаг хэмнэх боломжтой байв. Гэтэл өнөөх төслийг чуулганаар унагаж орхих нь тэр. Эсрэг санал өгсөн хүмүүсийн дунд долоон сайд байлаа. Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг бүхэлд нь санаачлагчид буцааж, дахин эхнээс нь алдаагаа засаж боловсруулаад дөрвөн шатны хэлэлцүүлэг хийхээр болсон юм. Үүнд 10 хоногийн хугацаа л өгсөн. Ондоо багтаан УИХ төсвийг баталж байж дараа дараагийн шатны өөрөө удирдах байгууллагууд ажлаа амжуулна. Тиймээс Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, цаг хугацааны хязгаар нь энэ тохиолдолд үйлчлэхгүй байх зохицуулалтыг баталсан. Ийм “зовлонт зам” туулж, төсвийг алдагдалгүй болгосон билээ. Тухайн үедээ УИХ-ын дарга “Бид нэр нүүрээ баран байж төсвийг дахин дахин хэлэлцэж байна” гэсэн. Тэгвэл хянах, сайжруулах үүргээ хангалттай биелүүлээгүй, туршлагагүй, хайнга гишүүдийнхээ энэ алдааг тэрбээр өнөөдөр “126 гишүүнтэй парламентын намрын чуулганаар төсөв хэлэлцдэг хэвшмэл жишгийг өөрчилж чадсан” хэмээн эергээр дүгнэж буй аж. Юутай ч шинэ гишүүд төсвийн эл хэлэлцүүлгийн дараа нэлээд зүйл ойлгож авсан биз ээ.
Мега төслүүдээс хөдөлгөв
Намрын чуулганаар мөн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг баталсан юм. Үүнд тусгасан 14 мега төслөөс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоол, Монгол-Францын уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар баталсан. 30 гаруй жилийн турш гацсан эдгээр төслийг хамтарсан Засгийн газрын үед урагшлуулж чадсан нь чухал ололт байлаа. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулах нөхцөл бүрдүүлсэн. Ийнхүү гацсан шалтгааныг Ерөнхий сайд “Эдгээр төслийн ард улс дамнасан далд зохион байгуулалт байсаар ирсэн нь нууц биш” гээд мега төслүүдийг урагшлуулахыг дэмжсэн УИХ-д талархлаа илэрхийлнэ лээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганыг хаахдаа “Эдгээр төсөл Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх төдийгүй улс төр, геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн гуравтай нь эдийн засгийн салбарт нягт хамтын ажиллагаа өрнүүлэх нь Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой” гэжээ.
Түүнчлэн намрын чуулганаар Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталсан. Үүгээр ОХУ-тай хамтран 20 сая ам.долларын өртгөөр дээрх станцыг үе шаттайгаар өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөсөн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 оны есдүгээр сард манай улсад айлчлахтай зэрэгцээд уг асуудлыг яаралтай горимоор оруулан хэлэлцсэн учраас нийгмийн зүгээс хардлага, шүүмжлэл их байсан. Юутай ч эхлээд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барина. Дараа нь ашиглалтын хугацаа нь дууссан 48 МВт-ын станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ынхыг барих төслийн зураг төсөл боловсруулах хүрээнд инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын ерөнхий нөхцөлийг тодорхойлсон байна.
Мөн эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг уг чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнийг Засгийн газар “Эрчим хүчний реформын эхлэл” гэж буй юм. Хэдийгээр хэтдээ зөв ч уг шийдвэр өнөөдөр иргэдийн амьдралд хүнд тусаж буйг шүүмжлэх иргэн олон аж.
Энэ мэтчилэн алдаа, оноотой ч олон жил гацсан том төслүүдийг хөдөлгөх суурийг тавьсан намрын чуулган болж өнгөрчээ. Үндсэн хуулийн 100 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулганыг тэд бас зохион байгуулсан. Мөн байгуулсан ажлын хэсгийнхээ тоогоор бараг “рекорд” тогтоох шахлаа. УИХ-ын даргын захирамж болон байнгын хорооны тогтоолоор нийт 60 гаруй ажлын хэсэг ажиллажээ. Эдгээрийн нэгийнх нь ажлын үр дүнд УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг боловсруулан баталсан юм. Үүнд УИХ бүрэн эрхийн хугацаандаа “хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа” бүхий алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлийг баримталж ажиллахаар тусгаж. Намрын чуулганыг хаахдаа УИХ-ын дарга эл зарчмаа байнга санаж ажиллахыг гишүүдэд уриалсан. Гэхдээ тэрбээр гишүүддээ бүх ард түмний төлөөлөл гэдгээ санаж, ажилдаа хариуцлагатай хандахыг сануулсан бол дээр байв. Учир нь намрын чуулганы туршид УИХ-ын гишүүдийн ажилдаа хандах байдал, ирц байнга шүүмжлэл дагуулсан. Д.Амарбаясгалан дарга ажилдаа идэвхтэй ирдэг гишүүдийг чуулганы танхимд урдуур суулгана гэж хэлж үзсэн ч тусыг эс олов. Хайнга гишүүддээ тоймтой хариуцлага тооцдог байх нь чухал.
Ийнхүү намрын чуулган хаасан ч удахгүй тэдэнтэй дахин уулзаж мэдэх нь. Учир нь Засгийн газарт цаг үеийн яаралтай шийдвэрлэх асуудал байгаа тул ээлжит бус чуулган зарлуулах хүсэлт гаргаад буй юм билээ.