Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсныг энэ сарын 24-ний баасан гаргийн өглөө Төрийн ордноос сүүлчийн замд нь үдлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийн дагуу энэ өдрийн 07.00-00.00 цаг хүртэл улс орон даяар эмгэнэн гашуудаж, Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөн, ишний гуравны хоёрт хүртэл буулгасан юм. Манай улс 1992 оноос хойш орон даяар тав дахиа гашуудал зарлаж байгаа нь энэ аж. Анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлж, салах ёс гүйцэтгэх төрийн ёслолын ажиллагаанд үе үеийн Ерөнхийлөгч, төрийн өндөр албан тушаалтнууд, хамтран зүтгэгчид, гэр бүлийнхэн нь байлцлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат тантай монгол төр, Монголын ард түмэн өнөөдөр гүн хүндэтгэлтэйгээр салах ёс гүйцэтгэж байна. Эрхэм хүмүүн Та эгэл жирийн малчны амьдралаас улсын Ерөнхийлөгч, уул уурхайн инженерээс төрийн сайд, эрдэмтэн, академич хүртлээ төр улсдаа хүчин зүтгэж, төр, түмнийхээ төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулсан билээ. Бүх ард түмнээсээ сонгогдсон анхны Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байсан эрхэм Та төрийн томилолт, түмний сонголт, тэнгэрийн цагийн тохиолоор ардчилсан Монгол Улсын анхны хэмээх олон түүхэн үйл хэргийн эзэн байж, улс эх орноо ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэрт зүтгэлтэн юм. Нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүндхэн он жилүүдэд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Ерөнхийлөгч байхдаа Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах комиссын даргаар ажиллаж, удирдан батлуулж, уг эхийг Төрийн тэргүүний хувиар нотлон баталгаажуулж, хожим нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний хувиар чандлан сахиулах түүхэн хувь зохиол Танд тохиосон. Ардчилсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг анхлан батлуулж, хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой найрсаг, тэнцвэртэй харилцааг хөгжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин бэхжүүлсэн, манай улсын тэргүүн дипломатч байлаа. Таны эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан онцгой гавьяа зүтгэлийг тань монгол төр өндрөөр үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж, шинжлэх ухаанд оруулсан жинтэй хувь нэмэр, бүтээл туурвилд тань Төрийн шагнал олгосон билээ. Мөнх хөх тэнгэр шигээ тэнүүн, цэлгэр тал нутаг шигээ уужуу, сүрлэг өндөр хайрхад шигээ өмөг түшигтэй эрхэм Таны эгэл даруу, элэгсэг дотно, нөхөрсөг, дөлгөөн зан чанар, эвийг эрхэмлэж, нөхөрлөлийг хүндэтгэдэг хүнлэг сайхан харилцаа манай ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд хоногшин үлдэх болно. Монголын ард түмний эрхэм хүмүүн Та мөнх хөх тэнгэртээ амгалан залрах болтугай” гэлээ.
Салах ёс гүйцэтгэх төрийн ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд асан, дипломатч Ц.Гомбосүрэн “Эрхэм андынхаа шарилын өмнө, хамтран зүтгэж явсан нөхдөө төлөөлөн мэхийн ёсолъё. Монгол төрийн том зүтгэлтэн Таны хийсэн үйл хэргээр монголчууд бид бахархаж, бас энэ өдрүүдэд эмгэнэн гашуудаж байна. Хүн бол тухайн цаг үеийнхээ бүтээгдэхүүн байдаг. Та, бид 50 нас хүртлээ боловсрол, хүмүүжлээрээ, үзэл бодлоороо ч, аж төрөх ёсоороо ч социалист нийгмийн бүтээгдэхүүн байлаа. Гэхдээ хүн бүрд өөрийнхөө цаг үеийг бүтээх мөч тохиодог байх нь. 1989 оны арванхоёрдугаар сараас эхлэн Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж, улс төрийн шинэ намууд байгуулагдаж, засаг төрийн байдал ч өөрчлөгдсөн. Энэ хэцүү цагт Та хуучныг халж, шинийг буй болгохын тулд олон зөрчилтэй нүүр тулсан ч түүнийг эв хамтын хүчээр арилгаж, улс, эх орноо тайван замаар, хуулийн хүрээнд ардчилсан, зах зээлийн нийгэмд шилжүүлсэн билээ. Та бол Монголын төр, ард түмнийхээ итгэлийг эвдээгүй, нэр төртэй биелүүлж, эрх зүйт төрийг цогцлоосон Төрийн тэргүүний хувьд цагийг эзлэх их гавьяатай гэж санадаг. Тиймээс төр засгаас Таны дурсгалыг мөнхжүүлэх арга хэмжээг авна гэдэгт итгэлтэй байна. Та бол нөхрийн ханилгаатай, ардын ёс жудагтай, буян, нүглийн дэнсийг таньсан, амласан зорьсондоо хүрдэг, тоглоом шоглоомтой, ёстой л эр хар монгол байлаа” гэв.
М.Гэгээ