“Дронокон-2025” нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон жолоодлогын анхдугаар тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Уг тэмцээнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын нисгэгчгүй хэрэгслийн холбоо, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, “Инженер геодез” ХХК, “Hobbyzone Mongolia” зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан.
Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвийн дарга, нисэх хэрэгслийн инженер, ахмад Б.Золбоот “Энэхүү тэмцээнийг бүх хүнд нээлттэйгээр нийт дөрвөн төрлөөр зохион байгуулсан. DIY нь оролцогчид дроны эд ангийг гараараа угсарч оролцох төрөл юм. Энэ нь анхлан оролцогчдод дроны эд анги, ямар хэсгүүдээс бүрддэгийг танин мэдүүлэх зорилготой. Мэргэжлийн төрөл нь хугацаа алдалгүй уралдахын тулд тамирчид нүдэндээ төхөөрөмж зүүн оролцдог учраас илүү ур чадвар шаарддаг. Хамгийн богино хугацаанд бартаат замыг туулж, ашигтай дүрс авснаар шилдгүүдийг шалгаруулна. Тоглоомын төрөлд зөвшөөрсөн жижиг дронуудаар мөн адил бартаат замыг хамгийн богино хугацаанд туулах уралдаан явагдаж байна. Сонирхогчдын төрөлд Монголд хамгийн их ашиглагддаг дронуудаар оролцох боломжтой. Энэхүү төрөлд энэ жил хамгийн олон хүн оролцож буйгаараа онцлогтой. Мөн тэмцээний форматыг дрон ашиглаж буй өөр салбаруудад зориулан өөрчилж, тогтмол зохион байгуулах, дроны хөл бөмбөгийн төрлийг шинээр нэмэх талаар ч судалж байна” гэлээ.
“Дронокон-2025” тэмцээнд нийт 548 хүн оролцсоноос мэргэжлийн төрөлд өрсөлдөгч С.Улсболд “Дроны спортыг сонирхож эхлээд жил гаруй болжээ. Өмнө нь сонирхлын клубүүдийн тэмцээнд оролцож байсан. Ийм төрлийн тэмцээн улсын хэмжээнд зохион байгуулж буйд баяртай байна. Цаашид дроны нисгэлтийн сүлжээнд анхаарч, сайжруулах шаардлагатай гэж харсан. Дараа дараагийн тэмцээнүүдэд оролцох тамирчид бэлтгэлээ сайтар хангаж, тэмцээний үеэрх аюулгүй байдал, дроны бүрэн бүтэн байдлыг шалгаж оролцоосой” гэв. Тоглоомын төрөлд оролцсон эмэгтэй тамирчин С.Юмжирмаа “Нас харгалзахгүйгээр олон хүнтэй өрсөлдлөө. Тэмцээнд орохын өмнө чадахгүй байх гэх айдастай байсан. Бэлтгэл дээрээ л анх удаа дрон жолоодож үзсэн. Анхлан суралцагчийн хувьд тэмцээндээ амжилттай оролцлоо. Цаашид тамирчны түвшинд бэлдэж, оролцох төлөвлөгөөтэй” гэв. Мөн уг тэмцээний сонирхогчдын төрөлд Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас оролцож буй М.Гонгор “Дрон Монголд хурдацтай хөгжиж байна. Өрсөлдөгчдийн ур чадвар ч сайжирч. Миний хувьд жил гаруйн өмнөөс дрон нисгэхэд суралцаж эхэлсэн. Ирэх жилийн тэмцээнд оролцогчдын тоо нэмэгдэж, цар хүрээ нь улам тэлэх байх” хэмээн ярилаа.
А. Дөлгөөнзул