“Нүүрсний” гэх тодотголтой, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт ял шийтгүүлсэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд зэрэг албан тушаал хашиж байсан Т.Аюурсайхан хуучнаар Хүүхдийн хорих ангид ял шийтгэлээ эдэлж буй аж. ШШГЕГ-ын харьяа Хүүхдийн хорих ангийн нэршлийг өөрчилж өдгөө Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага нэртэй болгосон билээ. Т.Аюурсайханы хувьд энэ ангийн аж ахуйн хэсэгт нь ажил хийж байгаа гэнэ.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг ШШГЕГ-ын харьяа хаалттай хорих 405 дугаар ангийн аж ахуйд мөн хорих ялаа эдэлж байна. Тус хорих ангид олимпын аварга Н.Түвшинбаяр мөн ял эдэлж буй.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, хорих ялыг хоёр жил зургаан сар, Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг мөн хугацаагаар жил хязгаарлаж, оноосон хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт гурван жил есөн сар ял оноосон шийтгэх тогтоол баталснаар ШШГЕГ-аас тэднийг хорих ангид хуваарилсан юм.