Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд багтдаг Харвардаар нэр, намтраа чимж, “овоглодог” улс төрчдийн нэг бол УИХ-ын гишүүн О.Батнайрамдал. Монгол орны баруун хязгаар нутаг Ховд аймагт төрж өссөн тэрбээр АНУ-ын Макалестер коллежийг 2008 онд эдийн засагчаар, Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийг 2015 онд бизнесийн удирдлагаар төгссөн. Ажлын гараагаа “Чоно корпорац”, “Ориго партнерс” зэрэг хөрөнгө оруулалтын компаниас эхлүүлж, 2015-2017 онд “Bank of America”-гийн Нью-Йорк болон Сидней хот дахь салбарт уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлээр албан тушаал хашжээ. Ингэж л тэрбээр Ховдоос Харвард хүрэх, Харвардаас “Wall street”-д дэвшин ажиллах мөрөөдлөө биелүүлж, хожим энэ түүхээ хуваалцсан намтар дурсамжийн, хувь хүний хөгжлийн ном бичиж хэвлүүлсэн гэдэг.
О.Батнайрамдал УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг нэгтгэсэн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, саналын тоогоороо хоёрдугаарт эрэмбэлэгдэн анх удаа парламентын гишүүн болсон. Үүнээс өмнө тэрбээр МАН-ын нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын даргын зөвлөх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан тушаал хашиж байв. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO, хувьцаа хариуцсан дэд захирлаар нэг жил орчим ажилласан. УИХ-ын гишүүн болоогүй ч намынхаа дэмжлэгээр хэд хэдэн албан тушаалд очсон ч яг ийм ажил хийсэн гэх гавьяа, гай ч сонсогдоогүй л явна. Тэр бол улс төрд харьцангуй шинэ дүр төрх, дуу хоолой. Харин нийгмийн сүлжээнд байр сууриа олсон “тоглогч”, нөлөөлөгч. Түүнийг “Unlock” подкастыг үүсгэн байгуулагч, хөтлөгчдийн нэг гэдгээр нь залуучууд илүү мэддэг. Сонгуульд өндөр санал авахад энэ нь ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу.
Боловсролын зээлийн сан тойрсон шуугиан 2023 оны хавар дэгдэхэд О.Батнайрамдал хохирогчийн дүрээр “тайзан” дээр гарч ирсэн. Тус сангаас олгодог зээл, тэтгэлэг хүрэх ёстой эздэдээ очдоггүй, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд л энэ боломжийг эдэлдэг гэдгийг тэрбээр шүүмжилж, дэлхийн шилдэг сургуульд тэнцэх үедээ санхүүгийн дэмжлэг авч чадалгүй хохирсноо олон нийтэд дэлгэсэн. Ингэж ярьснаасаа болоод “МАН-ын нялх Сэнгүм” хэмээх хоч ч зүүсэн. Тухайн үед БШУ-ы сайд байсан Л.Энх-Амгалан түүнийг хэдийн ил болсон мэдээллээр шоудаж, улс төр хийлээ хэмээн ийн шинэ хоч өгсөн юм. Нээрэн л тэр өмнө нь энэ асуудлаар дорвитой дуугараагүй атлаа “зээлийн сангийн хэрэг” нийгэмд сенсац болохтой зэрэгцэн олны анхаарлыг өөртөө татсан нь үнэн.
Дараа нь тэрбээр “Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүс өрөө гүйцэд төлж байж сонгуульд нэр дэвших ёстой” хэмээн мэдээлэл хийж, энэ хэрэгтэй холбогдуулан Улсын ерөнхий прокурорт хандаж буйгаа өнгөрөгч оны хавар зарласан. Тэгээд мөн л сонгуулийн шоу хийсэн “попрогч” нэр зүүв. Харин өдгөө тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос байгуулсан, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэх ажлын хэсгийг ахалж буй. Хянаж шалгах, үнэлж дүгнэх, санал боловсруулах, өөрчлөн шинэчлэх ажлыг эхлүүлэх эрх мэдэл, боломж түүний гарт байна. Одоогоор өөрийнхөө ярьж байсан өөрчлөлтөө хийх талаар ам ангайгаагүй л. Зээл, тэтгэлэг олгох үйл явцыг зөв голдиролд оруулахыг үнэхээр хүссэн үү, эсвэл намынх нь зарим нөхдийн хэлсэнчлэн попорч, улстөржсөн үү гэдгийг нотлох л үлдлээ.
Н.Мишээл