Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичиг үүргээ гүйцэтгэхээ болиод удаж буй. Ялангуяа бага ангийн хүүхдүүд цүнх дүүрэн сурах бичгийн хажуугаар 2-3 дасгал ажлын ном үүрч явдаг. Сурах бичгүүд нь сургалтын агуулгад нийцэхгүй болохоор багш нар заавал дасгал ажлын номоор “шахдаг” уламжлал тогтоод олон жилийн нүүр үзэж байна. Бага ангийн багш нар өөрсдөө математик, монгол хэлний дасгал ажлын болон хүүхэд хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг сайжруулах олон төрлийн ном “үйлдвэрлэж”, энэ төрлийн бизнес “цэцэглэсэн” билээ. Анхнаасаа л сурах бичгийг зохиох, үйлдвэрлэхдээ л өөр олон ном шаардлагагүйгээр агуулгыг нь багтаах байв.
Жишээлбэл, нэгдүгээр ангийн сурагчид монгол хэл, математик, хүн ба орчин, дүрслэх урлаг, технологи, хөгжим, биеийн тамир, иргэний ёс зүйн боловсрол гэсэн долоон хичээл үзэж буй. Хүүхдүүд хичээлийн хуваарийн дагуу номоо цүнхлээд явдаг ч иргэний ёс зүйн боловсрол, хүн ба орчин зэрэг хичээлийн сурах бичгийг ер хэрэглэдэггүй байна. Цагаан толгойгоо бүрэн үзэж дуусаагүй сурагчид нэлийсэн их бичвэр бүхий сурах бичгээр ч яах билээ. Уншиж чадахгүй тэдэнд ачааны нэмэр болдог. Тиймээс үсгээ үзэж дуустал, цаашлаад уншиж сурах хүртэл дээрх номын хэрэг бараг гардаггүй. Ийм байхад хэрэгцээгүй олон ном үйлдвэрлэж, төсөв хөрөнгө, цаас барах хэрэг бий гэж үү.
Сурах бичгүүд сургалтын агуулга, хөтөлбөр хоорондын уялдаа муутай, дасгал жишээ багатай, хэт нуршуу, логик алдаатай байгааг бүгд мэддэг, шүүмжилдэг. Гэвч үйлдвэрлэсээр л, тэр хэрээр татвар төлөгчдийн мөнгийг урсгасаар өдий хүрсэн. Одоогоос дөрвөн жилийн өмнө Боловсролын хүрээлэн, салбарын үе үеийн сайд нар болон сурах бичиг зохиогчид хамтран 35 судлагдахууны 174 сурах бичигт шинжилгээ хийж үзээд мэдлэгийг амьдралд хэрэгжүүлэх боломжтой, ур чадвар суулгах сурах бичиг хангалтгүй гэж дүгнэжээ. Мөн сурах бичиг монгол хүүхдийн бие бялдар, нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх зүйлүүд ч байгааг дурдсан юм. Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайд байхдаа сурах бичгүүдийг цахим, интерактив хувилбарт шилжүүлж эхэлсэн билээ. Сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болсноор хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй гэж үзсэн. Гэвч дижитал сурах бичгүүд төдийлөн үр дүнгээ өгсөнгүй. Сурагчид цаасан номоо цүнхэлсээр, багш нар ч сурах бичгээс гадна өөр олон төрлийн ном авахыг зөвлөж буй билээ.
Хоёр хувилбартай болгожээ
2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж буй юм. Үүний хүрээнд бага ангийн сурах бичгүүдийг шинэчилж. Тодруулбал, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн түшиц 26 сургууль, 18 цэцэрлэгт, сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлагын шинэчилсэн хувилбарын тохирц, агуулгын нийцлийг анх удаа судалжээ. Судалгааг хоёрдугаар улирлын туршид хийх бөгөөд шинэчлэлийн үр дүнд анги дэвшсэн ч хичээлүүдийн агуулга давхарддаг байсан нь арилж, төстэй судлагдахууныг нэг агуулгад нэгтгэн тоог цөөрүүлснээр сурагчийн цүнх хөнгөрнө гэж үзэж буй юм. Энэ тухай Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл “Сурах бичгийг гарын авлага болон дасгал ажлын дэвтэр гэсэн хоёр хэсэгтэй боловсруулсан. Гарын авлагыг ангидаа хэрэглэх бөгөөд онолд суурилсан. Харин дасгал ажлын дэвтрийг гэртээ гүйцэтгэх юм. Ингэснээр сурагчийн цүнхний жин багасаж, гэрийн даалгавар ч цөөрнө. Монгол хэлний хичээл хоёрдугаар ангиас унших бичгийн номтой болно. Сурах бичгийн эхний хэсэгт агуулгыг тусгайлан оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, хэддүгээр хуудсанд ямар агуулга байна, ямар чадвар эзэмших вэ гэдгийг тусгасан нь хүүхдүүдийн сурах идэвхийг нэмж, илүү сонирхолтой болгов. Тодруулбал, хүүхэд энэ хичээлээр юу сурч мэдэх вэ гэсэн ерөнхий төсөөллийг өгөх юм. Мөн хөгжмийн хичээлийн сурах бичигт тухайн агуулга, сэдэвтэй холбоотой дуу хөгжим, бичлэгийг сонсох, үзэх QR кодыг байршуулсан. Түүнчлэн хичээлийн нэрс өөрчлөгдөж, тоо багасаж байна. Тухайлбал, хүн ба орчин, хүн ба нийгэм, иргэний боловсролын хичээлийг нэгтгэж, 1-2 дугаар ангид “Би монгол хүн”, 3-5 дугаар ангид “Миний эх орон” нэртэй хичээл болгон оруулахаар төлөвлөсөн. Нийцлийг шалгаж байгаа” гэв. Мөн тэрбээр өмнө нь сурах бичгүүдийг өөр өөр компанид зохион хэвлэсэн учир агуулга давхацдаг, дизайн нь олон төрөл байсныг дурдсан юм. Харин одоо сурах бичгүүдийг шинэчлэх ажлыг нэг баг гүйцэтгэж буй учраас агуулга давхцахгүй, улам гүнзгийрэх гэнэ.
Цэцэрлэгийн багачуудад зориулсан 200 цагийн хичээл бүхий “Бидний ном”-ыг бүтээжээ. Зургаан настай хүүхдүүд эл номыг судалснаар нэгдүгээр ангид элсэхэд бэлэн болно гэж үзэж буй юм байна. Энэ тухайд Бага боловсролын монгол хэлний сургалтын хөтөлбөр, сурах бичгийн багийн гишүүн Ш.Оюунцэцэг “Хүүхдийн чадамж, хичээлд сурч мэдсэн зүйлээ амьдрал ахуйдаа ашиглах, хэрэглэдэг болгоход чиглэсэн агуулгыг бодож, сурах бичгүүдийг шинэчлэн боловсрууллаа. 2-5 дугаар ангийн сурах бичиг үндсэндээ гурван бүрэлдэхүүн хэсэгтэй хэвлэгдэн, хүүхдүүдийн гарт очно” гэв. Энэ хичээлийн жилд нийт 5.4 тэрбум төгрөгөөр 1.8 сая ном хэвлүүлсэн талаар Боловсролын ерөнхий газраас өмнө нь мэдээлж байв. Одоо нэг сурах бичгийг хоёр хувилбартай болгосон гэхээр зардал нь хоёр дахин нэмэгдэх нь гарцаагүй. Дээрээс нь дунд ангиас эхлээд хүүхдүүд сурах бичгээ худалдан авч хэрэглэж буй. Гол нь тэдгээр сурах бичиг нь нэрийн төдий, сургалтын үйл ажиллагаанд төдийлөн ач холбогдолгүй байгаа нь харамсалтай.
Ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлж байна
Сургалтын хөтөлбөр бол улс орны хар хайрцагны бодлого гэж ч тодорхойлдог. Хөтөлбөрийн агуулгыг шинэчилж, дэлхийд өрсөлдөх монгол хүнийг бэлтгэхэд чиглэх шаардлага зүй ёсоор тулгараад буй. Ийм шаардлага бий болсныг 2022 оны сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA) илчлэн харуулсан билээ. Эрдэмтэн судлаачид ч монгол хүнийг төлөвшүүлэх, сэтгэн бодох чадварыг сайжруулах, онолд бус, амьдралд нийцэх сурах бичиг нэн шаардлагатайг Боловсролын сайдад удаа дараа уламжилсан. Үүний үр дүнд 1-5 дугаар ангийн сурах бичгийг шинэчилж, туршиж буй юм. Гэхдээ бүх сурагчийн гарт хүргэхэд багагүй хугацаа орно. Мөн дунд, ахлах ангийн сурах бичгийн агуулгыг шинэчлэх шаардлагатай. Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлж эхэлсэн ч хэрэглээ нь хангалтгүй хэвээр. Тухайлбал, 6-12 дугаар ангийн 100 сурах бичгийг дижитал хэлбэрт шилжүүлсэн. Ингэснээр дунд, ахлах ангийн сурагчид цахим системд суурилан интерактив хэлбэрээр ашиглах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Техник, технологийн үсрэнгүй хөгжлийг дагаж, сурах бичгүүдийг цахимд шилжүүлэх шаардлага тулгарсан ч агуулга, холбоос, ач холбогдол зэрэгт анхаарах шаардлага байсаар. Тухайлбал, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дугаар илтгэлд сурах бичиг нь боловсролын чанарт нөлөөлөх нэг хүчин зүйл бөгөөд мэдлэгийг тээгч төдийгүй нийгмийн үнэт зүйлс, хэм хэмжээ, зан байдлын загварыг дамжуулах замаар хүүхдийн нийгэмшилд шууд ба шууд бусаар үүрэг гүйцэтгэдэг суралцахуйн хэрэгсэл гэж тодорхойлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт хүний эрхийн агуулга тусгагдсан байдлыг судалж үзсэн байна лээ. Тухайлбал, бага ангийн иргэний боловсрол хичээлийн хувьд эрэгтэй дүр 60, эмэгтэй дүр 40 хувьтай, дунд, ахлах ангийн иргэний ёс зүйн боловсрол хичээлийн сурах бичигт эрэгтэй дүр 63-80, эмэгтэй нь 20-36 хувь дүрслэгдсэн нь бага ангийнхтай харьцуулахад эрэгтэй дүрийг дүрслэх байдал нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн хичээлийн сурах бичигт есдүгээр ангид 80/20 хувийн харьцаатай байгаа нь дүрслэлийн харьцаа алдагдсан хамгийн өндөр үзүүлэлт гэжээ. Өөрөөр хэлбэл, жендерийн тэгш байдал, олон талт ялгаатай байдлыг сурах бичгийн агуулгад хангалттай тусгаагүй гэж дүгнэж. Мөн иргэний ёс зүйн боловсрол хичээлийн агуулгад хадам ээжтэйгээ харилцах 15 дүрэм, гэр бүлийн харилцааны зөрчил, эхнэр, нөхрийн харилцаа эр, эхнэр хүний эрхэмлэх зүйлс, гэр бүл салалт, гэмт хэргийн статистик мэдээлэл зэрэг нь сурах бичигт зайлшгүй орох ёстой агуулга биш. Суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт огт нийцээгүй, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, дарамтыг сэдэлжүүлэх магадлалтай байна гэж үзэв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар дүрслэн бичихдээ өглөг халамж хүртэгч, идэвхгүй дүрээр дүрсэлсэн нь өрөөсгөл болохыг тус тайланд онцолсон байна. Ерөнхий боловсролын хөтөлбөрт Боловсролын ерөнхий хуулийн 14.4.3-т заасны дагуу хүний эрх, жендерийн агуулгыг бэлтгэхдээ хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилсан тэгш байдал, хууль дээдлэх ёс зэргийг тусгах нь зүйтэй гэж дүгнэжээ. Энэ мэтээр сурах бичгийн агуулга нь хүүхдийг төлөвшүүлэх, нас, сэтгэхүйд нь тохирсон мэдлэг, мэдээлэл олгохгүй байгааг олон баримт харуулна. “Монгол хүнийг төлөвшүүлэх” хэмээх тодотголтой, бага ангийн сурах бичгүүдийн шинэ хувилбар хэр урт настайг харах л үлдэж.