“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Д.Гэрэлчулуунд холбогдох хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт бичин Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхдээ шилжүүлжээ. Түүнд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, анхан шатны баримтаар баталгаажаагүй ажлын гүйлгээг хийж, өөртөө давуу байдал бий болгосон хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийг үндэслэн яллагдагчаар тооцсон юм. Д.Гэрэлчулууныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст албан тушаалаа ашиглаж, санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн их хэмжээний мөнгө завшиж, түүгээрээ хүүхдийнхээ нэр дээрх орон сууцын төлбөрт өгсөн хэрэгт буруутган шалгасан. Тэрбээр нэгэн иргэнээс цахилгаан эрчим хүчний тоноглол цөөнгүй тоогоор авсныгаа “Дорнын нягт хийц” ХХК-ийнхан нийлүүлсэн мэтээр санхүүгийн баримтдаа тусгасан гэдэг. Улмаар ТӨХК-иас шилжүүлж авсан мөнгөөрөө Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт барьж буй орон сууцын захиалгын төлбөрт шилжүүлсэн хэрэгт холбогдсон юм.